НИТХ-ын гишүүд их хэмжээний мөнгөн урамшуулал авдаг нь илэрсэн долоо хоног
Өнгөрч буй долоо хоногт олон нийтийн сүлжээ сайтаар НИТХ-ын гишүүд урамшуулал авдаг гэсэн мэдээлэл цацагдсан юм. Тус тайланд дурдагдснаар НИТХ-ын гишүүн Ж.Амарсанаа 27 сая, Б.Бадарсан 27 сая, Д.Оросоо гээд бүх гишүүд нь 1,2 дугаар улирлын урамшуулал гэж 27 сая төгрөгийг гаргуулж авсан байна. Төлөөлөгчдөөс дээрх мөнгийг юунд зарцуулдаг эсэхийг тодруулахад бүгд л "тойрогтоо зарцуулдаг" гэсэн хариултыг өгч байлаа.
Мөн НИТХ нь 45 төлөөлөгчтэй нэг хүн жилдээ 54 сая авах бөгөөд үүнийг 45-аар үржүүлбэл багагүй тоо гарахаар байна. Эдийн засаг хямарч, улс орон, албан газар, айл өрх төсвөө танаж, ард иргэд "бүсээ” чангалсаар байхад нийслэлийн удирдлагуудад энэ хямрал мэдрэгдэхгүй байгаа бололтой.
Өнгөрсөн долоо хоногт спорт сонирхогчдыг алмайруулсан нэгэн үйл явдал болсон юм. Тэр нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодог тайлж, их спорт дахь бөхийн замналаа өндөрүүлсэн тухай мэдээлэл байлаа.
Тэрбээр энэ тухайгаа ярихдаа "Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэхүү шийдвэрээ гаргалаа. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш гурвуулаа энэ талаар ярилцсан. Өөрийнхөө авч чадаагүй олимпийн аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа" гэсэн байна.
Хөдөлмөрийн баатар маань Астана хотноо болсон ДАШТ-д өөрийн хуучин жин болох -66 кг-ын жинд барилдсан ч харамсалтайгаар хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын жүдочид ялагдсан юм. Тэрбээр, зодог тайлсан даруйдаа дасгалжуулагчийн албанд томилогдож ажилласан бөгөөд цаашдаа дасгалжуулагчийн хувиар их спортдоо хүчин зүтгэх юм байна.
Г.Ган