Зул өргөхөөс гадна үйлдэл хийхийн учир
Дөрөвхөн настай бяцхан охины үхэл монголчуудын нинжин сэтгэлийг хөндөв. Хэвлэл мэдээллийн Хэрэгслээр ярилцлага өрнөж, зул өргөх ёслол олон газар болов. Хүмүүс яргачинг жигшин зэвүүцэж, асуудлын цаад учрыг шүүн хэлэлцэж байна. Энэ асуудал бол гэр бүл, хүүхдийн хүмүүжил, ер нь хүний нийгэмшлийг хамарсан ихээхэн том асуудал юм. Мөн хууль эрхийн болон ёс суртахууны олон талыг хамарсан цогц асуудлыг нэгээхэн хэсэг юм. Энэ асуудлыг социологийн үүднээс манай практиктай холбон үзэж зарим санаа өгүүлсү…
Манай хууль ба бусдын хууль
Гэр бүлийн хүчирхийлэл гэж төрийн бус байгуулллагууд л бахирдаг байх.
Гэтэл энэ нь ердийн үзэгдэл болсныг нэг их олон хүн ярьдаггүй. Харин
эмэгтэйчүүдийн эрх гэж хамгийн их ярьдаг. Дараа нь хүүхдийн эрх гэж
ярьдаг. Ярихаас биш, хууль хуудас нь ямар юм, түүнийгээ яаж боловсронгуй
болгохов гэдгийг боддог монгол хүн цөөхөн дөө…
Эдүгээ УИХ-д "Гэр бүлийн тухай” шинэ хуулийн төсөл өргөн бариад байгаа.
Түүний хэлэлцүүлэгт орох урилга маш эрт гарсан боловч оролцсон хүн
өдрийн од шиг.
Монголчуудын энэ алхаг залхуу байдлыг ашиглан хуульд хүртэл ихээхэн
задгай заалт ордог цөөн жишээг би үзүүлэх гэсэн юм. Гэр бүл бол аль ч
улс гүрний хувьд амин чухал институт учраас түүнийг уламжлал хийгээд
шинэчлэлийн үүднээс маш их анхаардаг. Тухайлбал ОХУ-ын "Гэр бүлийн
тухай” хуульд гэр бүлийн хуулийн зорилтыг ингэж тодорхойлсон байдаг:
"1. Гэр бүл, эхийн элбэрэлт ёс (материнство), эцгийн элбэрэлт ёс
(отцовство), хүүхдийг энэрэн үзэх ёс (детство) зэрэг нь ОХУ-ын төрийн
хамгаалалтад байна. 2. Гэр бүлийн хууль тогтоомж нь гэр бүлийг
бэхжүүлэх, гэр бүлийн харилцааг харилцан хайр сэтгэл, итгэл хүндэтгэлийн
мэдрэмж дээр бэхжүүлэх, гэр бүлийн гишүүдийг бие биеийн өмнө хариуцлага
хүлээдэг болгох, гэр бүлийн хэрэгт хэн нэгэн дур зоргоор оролцохыг
хориглох, гэр бүлийн гишүүд эрхээ саадгүй хэрэгжүүлэх, энэ эрхээ шүүхийн
журмаар хамгаалах боломжтой байлгах зайлшгүй шаардлагаас урган гарна.”
Гэтэл эдүгээ УИХ-д өргөн бариад буй "Гэр бүлийн тухай хууль”-нд:
"Энэ хуулийн зорилт нь төрөөс гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх,
хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох,
гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл, журмыг тогтоож, гэр
бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд
үрчлэх, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран
хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.”
Энэ хоёр хуулийг харьцуулаад үзэхэд Оросын хууль гэр бүлийг
бэхжүүлэхэд, Монголын хууль гэр бүлийг салгах, салах үед нь эд хөрөнгийн
харилцааг зохицуулах зорилготой нь нэн тодорхой байна.
Цаашаа: Монгол хуулийн төсөлд: "3.1.1. "гэр бүл” гэж эд хөрөнгийн
бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон гэрлэгчид, хамтын
амьдрал бүхий гэр бүлийн гишүүдээс бүрдсэн нийгмийн үндсэн нэгжийг” ойлгож байна.
Энд монголын хууль гэр бүлд хэчнээн хүйтэн цэвдэг хандаж байгаа
нь тов тодорхой байна. Хэрэв би эндүүрээгүй бол гэр бүл хамгийн түрүүнд
хайр сэтгэлээр холбогддог гэж санана. Монгол хуулийн төсөл зөвхөн гэр
бүлийн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх зорилготой байгаа нь бас л тов
тодорхой байна.
Цаашаа: Монголын гэр бүлийн хуулийн төсөлд: "3.1.4. "гэр бүлийн
гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа тэдгээрийн төрсөн,
дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгож
байна.
Сүүлдээ монголын улс төрч, хуульчид гэр бүлийн гишүүн гэдгээ ч
ойлгохоо больсон мангуунууд болж гүйцэж. Яагаад гээч !!! Энд гэрлэгсдийн
төрсөн аав, ээж нь алга байна ш дээ. Хэрэв төрсөн аав ээжээ хасвал энэ
чинь монгол гэр бүл биш. Аав, ээжийг "төрлийн хүн” гэдэг ангилалд
оруулжээ. Энэ чинь монгол ойлголт биш байна. Хаанаасаа ямар балай юм
аваад хуулчихдаг усан тэнэгүүд байна аа…
Ер нь насан өндөр болсон буюу өвчтэй аав ээжийгээ өргөж асрах нь
гэрлэгсдийн үүрэг гээд "Гэр бүлийнхээ хуулинд” заагаад өгчихөөд болохгүй
гэж хэн ч хэлэхгүй буй за. Хэрэв ингэж чадвал сая монгол хууль болно.
Ингээд би "Гэр бүлийн хуулийн” төслийн хэдхэн жишээн дээр монголын
нийгэм, монголчуудыг яаж хөнөөдгийг тодорхой харууллаа гэж бодож байна.
Ийм хорт зүйлийг "хууль тоодоггүй” монголчууд огт мэддэггүй юм. Тэгээд
дараа нь балардаг байхгүй юу. Ийм жишээ асар олон…
Монголчуудыг оюун ухаан, нийгэм (социум), соёл, ёс суртахууны
хувьд устган сөнөөх гэсэн харийн хорт бодлого явагдаж байгаа гэдэгт би
бат итгэдэг. Энэ бол хоосон хардлага биш. Гэвч энэ талаар ярьж бичихэд
манай монголчууд бараг тоодоггүй нь үнэхээр гачлантай…
Монгол хүүхдийг гадаад хүнд үрчлүүлэхээ больё гэсэн санаачлага гараад
овоо дэмжлэг авч байтал хуулийн шинэ төслөөр бүтэн бүлэг нэмээд энэ
асуудлыг нээгээд өгчих жишээний…
Бүхэлдээ бол Монголын гэр бүлийн шинэ хуулиар бол гэр бүл болсноос
салах гэж эд хөрөнгөө хуваасан нь хамаагүй дээр юм байна лээ. Либерализм
хэт дэлгэрэхээр эд хөрөнгө амин чухал болж, хүн хийгээд түүний хайр
дурлал, үр хүүхэд бол яамай л болдог юм байна.
Сүүлийн үед гэр бүл салалт асар их нэмэгдсэн ба салах үедээ
монголчуудын олонхи хүүхэд өмч хоёрын өмчийг нь сонгодог болсон гэж
хуульчид, холбогдох байгууллагын ажилтнууд ярьж байна. Ер нь бол монголчууд араатан шинжтэй болж гүйцсэн байна. Хуулийг
энэ балиар шинжийг дарах, арилгах гэж гаргадаг болохоос "дагуулж”,
"зохицож” гаргадаг биш л дээ. УИХ-д өргөн барьсан энэхүү гэр бүлийн шинэ
хуулийн төсөл гэр бүл салахдаа өмчөө хэрхэн хуваах тухай хууль болсон
гэж би хувьдаа ойлгосон.
Сая болсон золгүй явдлын үеэр олон монголчууд ихэд цочирдож хэлэлцүүлэг
явуулж, зул өргөж талийгаач охины дурсгалыг хүндэтгэж байгааг би
буруутгахгүй. Гэхдээ л энэ бол хагас дутуу, бүрэн биш үйлдэл юм. Миний
ойлгож байгаагаар бид гэр бүлийн хуулиасаа эхлэн маш олон асуудлыг бид
иж бүрэн анхаарах ёстой. Энэ нь дээр дурдсан жишээнээс тодорхой
харагдана буй за…
Ухаандаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэвэл эдгээр
заалтаа "Гэр бүлийн тухай хууль”-ндаа хатуухан тусгаж таарна биз дээ.
Аль эсвэл үгүй юм уу ?!
Социализмыг дурсах нь
Социализмын үед нэг ч хүүхдийг хараа хяналтаас гадна байлгахгүй систем
байсан юм. Тэр үед хэрэв хүүхэд нь муу сурах буюу сахилга батын доголдол
гаргавал эцэг эхийн албан газарт нь мэдэгддэг байв. Тэндээс нь намын
болон захиргааны шугамаар тэрхүү эцэг эхэд шахалт үзүүлдэг байв. Нэг
нөхрийг "хүүхдээ хүмүүжүүл” гээд ажлаас нь бүтэн сар чөлөөлж байсан
тохиолдлыг би санаж байна. Үүнийг одоо бол "хүний эрх зөрчсөн” гэх л
байх, гэхдээ үүнийг тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө хийсэн гэж би
ойлгодог. Тэгээд намын төлөө хийж байгаа юм уу ?!
Түүнчлэн бүх хүүхдийг эсвэл урлагийн, эсвэл спортын дугуйлан, секцэд
явахыг албаддаг байв. Энэ ч харин хамгийн тустай зүйл нь байсан нь
мэдээж. Ухаандаа Монголын Пионерын Ордонд 5 танхим, 30 гаруй дугуйлан
ажиллаж байсны тэн хагас нь үйлдвэрлэл, техникийн чиглэлийн дугуйлан
байсан юм. Тэнд 3000 гаруй сурагч тогтмол хичээллэдэг байв. Мөн Залуу
техникчдийн Ордны 26 дугуйланд 1000 гаруй сурагч тогтмол хичээллэдэг
байв. Тэндээс мөн ч олон хүн ирээдүйн мэргэжлээ олж авсан, их ч сайн
мэргэжилтнүүд болсон доо.
1990 онд ардчилал ялаад хамгийн түрүүнд Залуу техникчдийн Ордонг
устгав. Хамгийн их ардчилал ярьсан тэр хүмүүс устгасан. Хамгийн гол нь
эдгээрээс салбарласан бүх дунд сургуулиудад ажиллаж байсан дугуйлан,
секцийн системийг бүхэлд нь устгасан юм.
Мөн хүүхдийг хар багаас нь "Таван онцын эзэн”, "Номын сайн нөхөр”,
"Нацагдорж тэмдэгтэн” болгон урамшуулж, эвлэлд орсон хойно нь залуу
хүний заавал унших номуудаар шахаж заавал шалгадаг байсан. Үүнийг "хүний
эрх зөрчсөн” гэвэл ёстой дэмий л байна. Тэр ч бүү хэл залуу хүний
заавал мэдэх ёстой 10 бүжгийг зааж нэг бүрчлэн шалгадаг байсан юм. Энэ
бас л "хүний эрх зөрчсөн” болох уу ?!
Ер нь бол залхуугийн, соёлгүйн, мунхаг харанхуйгийн "эрхийг”
ингэж зөрчсөн ч яадгийм ! Ингэж хүн нэг бүрийг хүмүүжүүлдэг байсан юм.
Ингээд ардчилал ялж "дарлалаас ангижирсан” монголын хүүхэд, залуучууд
зорилгогүй, хийх юмгүй болсон учраас "өөрөө өөрийгөө” хүмүүжүүлэх болов.
Өнөөдөр социализмын үеийн ажлын эдгээр хэлбэрүүд хоцрогдсон байж болно л
доо. Гэхдээ бүхнийг хамарсан, удирдлага, зохицуулалтыг энэхүү мундаг
системийг орлох үр бүтээлтэй систем бүтээх ёстой байсан. Гэтэл үүнийг
одоо болтол хийж чадаагүй байна.
"Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатай, түүнийхээ төлөө бүх нийтээрээ
ажиллаж чаддаг нийгэм социализм л байсан. Хүүхдүүдийнхээ төлөө бүх
нийтийн субботник хүртэл хийдэг байлаа ш дээ. Энэ нь социализмын үеийн
"юм” болохоороо буруу болох ёстой юм уу ?!
Социализмын үед хүүхэд бүрийг "нам төр” хамгаалж байсан гэж би
хэний ч өмнөх хэлж чадна. Одоо монгол хүүхдийг хэн хамгаалж байгаа юм ?!
Худлаа "хүүхдийн эрх” гэж орилсон баахан "мангар юмнууд” л байна даг
!!!
Гэр бүл, сургууль, үе тэнгийхэн, хэвлэл мэдээлэл зэргийг хүүхдийн
нийгэмшлийн агент гэж үздэг. Гэхдээ энэ нь барууны сурах бичгийн ойлголт
л юм. Үнэндээ бол манай нийгэмд хүүхэд хүмүүжүүлдэг газар гэж үгүй болов. Сургууль
нь хүүхдэд "юм хэлж” болохгүй, эцэг эх нь "юм хэлж” болохгүй, тэгээд үе
тэнгийхэн болон гудамж нь замбараагүй, хэвлэл мэдээлэл нь замбараагүй.
Тэгээд хэн хүмүүжүүлэх болж байна ?!
Миний ойлгож байгаагаар монгол хүүхдийг сургууль, гэр бүл, төр
гурав голлон хүмүүжүүлэх ёстой. Тэгвэл энэ гурав нь салаад явчихжээ. Энэ
завсраар л ийм аймшигтай хэрэг олноороо гарч байгаа ш дээ. Сургууль
(бас ясли, цэцэрлэг) гэдгийн цаана төр ч бас давхар байгаа. Гэтэл үүний
завсар "хүний эрх хангах” болон бусад үй түмэн байгууллагууд орж ирээд
саад болоод байна.
Тэд систем болон нэгдэж чадаагүй учраас тал тал тийшээ зүтгээд
нэгдмэл систем болж чадахгүй саад болоод байна. Зүй нь эдгээр
байгууллагууд сургууль, гэр бүл, төрийг холбосон системд хавсран үйлчилж
баймаажин сая нэгдмэл систем болж чадах ажгуу.
Энэ талаар маш олон бодит ажил хийж болно. Манай олон улс төрчид бяцхан охиныг дурсан зул өргөж байна. Уг нь тэдний үүрэг бол ийм харгис явдал үл гаргах систем бий болгох,
санаачлан хийх явдал бөлгөө. Үүрэгт ажлаа хийхгүй байж дараа нь зул
өргөх бол "матрын нулимс” төдий зүйл юм.
Цаазын ялын тухай
Манайхан шиг энэ талаар их хамгийн "онолддог” ард түмэн байхгүй биз.
Энд чинь "онолдоод” байх юу ч байхгүй. Манайх: 1. Дорнын нийгэм, 2.
нүүдлийн нийгэм, 3. хоцрогдсон нийгэм. Аливаа нийгмийн гавъяа шагнал, ял
шийтгэл нийгмийнхээ хөгжилд тохирч байх ёстой. Иймээс цаазын ялыг халсан нь манайд дэндүү эртэдсэн шийдвэр юм.
Нөгөө талаас хувь хүний төлөвшил болоогүй байна. Өөрөөр хэлбэл
иргэнших, нийгэмших, боловсрох, гэгээрэх, соёлжих зэрэг олон үйл явц
цэгцрэн жигдрээгүй байна. Энэ нөхцөлд бараг хүн гэж нэрлэж болмооргүй
араатан олноороо төрөн гарч байна. Иймээс олон долоон юм яриад
байлгүй манайд цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Сэргээх ч гэж дээ, Эрүүгийн
хууль хэвээрээ л байгаа ш дээ…
Би хүн алах гээд дурлаад байгаа юм биш. Үгүй ядаж Эрүүгийн хуулиа
янзлаад авъя, тэгээд Хууль Шүүхийнхээ системийг хэрүүл уруул багатайхан
цэгцлээд авъя. Улмаар Гэр бүлийн хууль мэтийн суурь хуулиудаа гайгүй
болгоод ирэхээр нийгэм ч аяндаа хүмүүнлэг болоод ирнэ. Тэр үед нь цаазын
ялыг цуцалж болно ш дээ. Одоо бол үлэмж замбараагүй, бараг зэрлэг
гэмээр нийгэмд энэ чинь болж өгөхгүй байна…
Ер нь ингэхэд цаазын ялын асуудал бол Ц.Элбэгдоржийн олон улсад
өөрийгөө рекламдах хэрэгсэл огт биш. Энэ бол Та бидний хувь заяаны
асуудал мөн.
Нэг л их эдийн засаг, улс төр ярьсан улсууд, наад оюун санаа, нийгэм,
соёлын асуудлууд чинь түгшүүрийн харанга дэлдэж байгааг ухаармаар байна,
Монголчууд аа. Иймээс одоо бодит үйлдэл, нийгмийн өндөр идэвх бол
мянган зулнаас үнэтэй гэж би хэлэх байна…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?