“Гологдсон нам” кино драм
Орчин цагийн кино драмд "Гологдсон нам” нэртэй бүтээл шинээр мэндэлж, түүнийг үзэгсэд хошуурах болжээ. Учир юу гэвээс, энэ киноны өрнөлийг өнгөрсөн баасан гарагт АН-ын Гүйцэтгэх зөвлөл эхлүүлэв.
Тэд:
1. Засгийн газарт МАН-ыг хамтарч ажил хийе гэж урьсан. Харамсалтай нь МАН нэг л ажил хийдэг юм байна. Тэд зургаан сайд, долоон дэд сайд авч 600 гаруй ТАХ-ыг халлаа. МАН албан тушаал ширээ сандлаас өөр ажил хийж чаддаггүй юм байна. Хууль зөрчин ТАХ-ыг хална гэж бид тохироогүй.
2. МАН-ыг бид УИХ-ын чуулганы нийт хугацааны 60 хувийг нь сайд огцруулах асуудал тавьж ажил хийлгэхгүй болохоор нь хамтран ажиллах гэж төрд урьсан. Тэд сайд огцруулах ажлаа ТАХ-дийг халах ажлаар солилоо. Тэд зургаан сарын хугацаанд ийм л ажил хийлээ.
3. Эдийн засгийг сайжруулахад иргэдээ уриалж ард түмнээ ажил үйлсэд уриалж хамт явна гэж итгэж МАН-ыг урьсан. Өөрсдөө ч тэгж амласан. Харамсалтай нь тэд төрийн бодлого, хэрэгжүүлсэн ажлыг мушгиж гуйвуулж, ард түмний санаа сэтгэлийг мунхруулсан гүтгэлгээс өөр юм хийсэнгүй. Ардчилсан нам 2012-2014 онд их бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Монгол ардын намтай хамтарснаас хойш ажил урагшлахгүй байна.
4. МАН 2016 оны сонгууль эхэлснээ зарлаж, төрийн ажлыг цалгардуулах, түмэн олныг хувааж талцуулах боллоо. МАН 2000-2012 оны хооронд бүтэн нэг үед Монгол Улсыг удирдаж, олонхийг бүрдүүлж явсан ч нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт, цэгцтэй бодлого байсангүй.
5. Өөх ч биш булчирхай ч биш байснаас АН хариуцлагаа үүрсэн шиг үүрч, МАН сөрөг хүчин шиг байж 2016 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйтэй гэж АН-ын ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ үзэж байна гэсэн кино драмынхаа ерөнхий зохиолыг дэлгэв. Мэдээж энэ зохиолын эзэн нь АН. Тэд энэ зохиолоороо МАН-ыг засгаас хөөчихлөө. Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газраас МАН-ыг хөөх тухай олонтаа ярьж, МАН-ын гишүүд "АН-ынхан цаг хожих гэж ийм үйлдэл гаргаж байна” хэмээн хэсэгтээ тайвширсан. Тэгвэл энэ кино драм цааш хэрхэн үргэлжлэх нь өнөөдрөөс улам сонирхолтой болно.
2012 оны сонгуулийн үр дүнгээр АН олон суудалтай болж, УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эсвэл, ИЗНН-тай хамтран засгаа барьсан. Энэ хугацаанд шинэчлэлийг орвонгоор нь эргүүлж, бужигнуулсан жишээ бий. Үүнээс улбаалаа эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдралд улам доошилсон. Үүнд өмнөх засгийнх нь алдаа байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тэд алдааг засч иргэдийн амьдрал, эдийн засгаа сайжруулсан уу. Үүний хариултыг олон түмэн бэлхнээ хэлнэ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН-ынхан өөрсдөө унагаасан бодит жишээ жил хүрэхгүй өмнө болсон. Гэтэл өнөөдөр АН, МАН-ын хамтран байгуулсан засаг нь худлаа ярихаас цаашгүй, гийж гэрэлтүүлсэн зүйл байхгүй байгаа үед АН-ынхан бас л гал тавилаа. МАН өрдөж, АН гал тавьдаг жишгийг энэ УИХ-ын хугацаанд бишгүй олон удаа харж байна. Тэгэхээр тэд өөрсдийн тавьсан кино драмаа хэрхэн төгсгөх бол. Улам л сонирхол татаж байна. Харин гологдсон нам нь баярлаж, голсон нь уйлж төгсөх вий дээ.
С.МӨНХБАЯСГАЛАН