Ерөнхий сайдын охин А.Саранзаяагийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Прокурорын байгууллагын нэгэн эх сурвалж А.Саранзаяад холбогдох хэргийг АТГ-аас хамгийн сүүлд мэдэгдэл хийж хэвлэлийн хурал зарлахаас өмнө хэрэгсэхгүй болгох тогтоолыг нь гаргасан.
Гэтэл АТГ-ынхан ч, Дүүргийн I прокурорын газрынхан ч энэ тухай ам ангайхгүй байна.
АТГ-ынхан Л.Гансүхтэй холбоотой хэргийн талаар мэдэгдэл хийхдээ А.Саранзаяагийн хэргийг шалгаж байгаа мэтээр ярьж байсан нь нууцалж буйн илрэл болов уу. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг нь Дүүргийн I прокурорын газраас АТГ-т шилжүүлсэн байгаа” гэлээ.
А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримтаар их хэмжээний мөнгө "Цэвэр агаар сан”-гийнханд олгосон хэрэгт холбогдоод байсан юм.
Тэрбээр хуулбарласан баримтаар гүйлгээ хийснийхээ дараа ажлаасаа гэнэт гарсан.
Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалтан ажил үүрэгтээ хайнга хандсанаас хохирол учирсан гэж түүнийг буруутгаж байсан.
Уг нь А.Саранзаяаг "Цэвэр агаар сан”-гийнхны хэргээс гадна Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэрэгт шалгахаар болсон бөгөөд тэрбээр Сангийн яамнаас гарсныхаа дараа "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компанийн захирлаар ажиллах болсон аж. Тиймээс хэргийг нэгтгэн шалгахаар болж байтал прокурорын байгууллагынхан хянах тогтоол үйлдэн АТГ-аас аваад хэрэгсэхгүй болгосон гэнэ.
Харин АТГ-ынхан А.Саранзаяад холбогдох өмнөх хэргийг нь хэрэгсэхгүй болгосныг мэдэхгүй гэсэн хариулт өгсөн юм.
Г.Орчлон