А.Туяа: Би “шуналтай” эр хүнд дуртай
Дэлгэцнээ гараад удаагүй ч үзэгчдийг байлдан дагуулж буй "Single ladies 2” киноны гол дүрийн эзэн, СТА жүжигчин А.Туяатай цөөн хором ярилцлаа.
Анх "Single ladies” уран сайхны кино гарч байх үед та "Х ТҮЦ” продакшны жүжигчин байсан байх аа? Продакшнаасаа гарснаас хойш бүтээсэн анхны томоохон уран бүтээл үү, кино бүтсэн явцын талаар яриагаа эхлэх үү?
Хамтлагаасаа гараад долоо орчим сар болсон байна. Анх Г.Ундармаа эгч санал тавьж, "Single ladies 2” кинонд 30 гаран насны, хүүхэдтэй, сингл мамигийн дүрд тоглохоор болсон. Еөнхийдөө сингл амьдралтай эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан уянгын, инээдмийн рмантик кино байсан нь надад маш их таалагдсан, саналыг баяртайгаар хүлээж авсан. Нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа ч үзэгчид дүүрэн байх шиг байна.
Кино бүтэх явцад мэдээж шантрах тохиолдол байна. Гэхдээ бидний зорилго бол "чанартай, сайн уран бүтээл хийх” явдал шүү дээ. Асуудал гарсан ч зорилго маань биднийг нэгтгэж, киногоо амжилттай дуусгалаа даа, баяртай байна.
Уран бүтээлч хүний хувьд цаашдын карьераа хэрхэн харж байна. Хошин урлагийн аль нэг хамтлагт орох эсвэл драмд хүч үзэх бодол байгаа юу?
Миний хувьд жүжигчин мэргэжил, хошин урлагтаа хайртай. Яг үнэндээ одоогоор төлөвлөсөн зүйл алга, ирээдүйд яахыг сайн мэдэхгүй байна. Драм талдаа бол сонирхсон зүйл алга.
Үнэндээ цахим орчинд ч гэдэг юмуу, жүжигчин А.Туяагийн уран бүтээл талаас нь гэхээс илүү нүцгэн зурагны талаар мэдээлэл их байх юм.
Нүцгэн зураг, Playboy-д авахуулсан хэдэн зураг бий. Гэхдээ тэр бол бүтэн нүцгэн зураг биш. Хагас нүцгэн гэх юмуу даа.
Тэр зурагнуудыг чинь аль нэг сэтгүүл, сайтуудууд зөвшөөрөлтэйгээр ч гэдэг юм уу худалдаж авсан уу? эсвэл алдчихсан юм уу?
Тийм юм байхгүй ээ. Надаас лав нэг ч газар зөвшөөрөл аваагүй, мэдэхгүй. Ганц хоёр зураг л дамжаад, яваад байдаг юм шиг байна лээ.
Гэр бүлийн чинь талаар сонирхож болох уу?
Би хувийн амьдралаа олонд дэлгээд байдаггүй, аль болох далд байлгахыг хүсдэг. Гэхдээ, яалт ч үгүй, олны танил гэхээр хүмүүс мэдчихдэг юм шиг байна лээ. Би эхээс дөрвүүлээ. Аав, ээж хоёр минь хоёулаа дээд боловсролтой хүмүүс. Би гэрээсээ ганцаараа урлагийн, жүжигчин мэргэжилтэй хүн.
Гэхдээ, хувийн амьдрал гээд сингл гэдэг утгаар минь асууж байгаа байх, тийм үү? Одоогоор сингл байна. Магадгүй хэзээ нэгэн цагт, та нарт мэдэгдэхгүй аль хэдийн нөхөртэй, хүүхэдтэй болчихсон байхыг үгүйсгэхгүй, таашгүй. Яагаад гэвэл би хүмүүст "найз залуутай, нөхөртэй болсон” гэдгээ мэдэгдэх албагүй.
Мэдээж, миний хувьд одоогоор харьцангуй цаг зав, чөлөөтэй болсон. Хувийн амьдралын талаар бодож байгаа. Цаг төлөвлөх, дараагийн шат алхамаа төлөвлөж эхэлсэн гэхүү дээ.
Таны нөхөр ямар хүн байх бол? Нөхөр болох хүндээ ямар шаардлага тавих вэ?
Эмэгтэй хүн бүрд л өөрийн гэсэн үзэл бодол байдаг байх. Миний хувьд мэдээж надаас хэд дахин шат илүү хүн байх ёстой. Гол нь "эр хүн” байх л ёстой. Тийм хүнийг л эр нөхрөө болгон сонгоно доо. "Эр хүн” гэдэг үгэнд маш их утга агуулагдаж байгаа л даа. Эр хүн болгоныг "эр хүн” гэхгүй л дээ.
Тэгвэл ямар эр хүнийг "эр хүн” гэх юм?
Түүнийг яривал цаг хүрэлцэхгүй айх. Товчхондоо, үнэнч хүнд би их дуртай. Өөрийнхөө үзэл бодол, өөрийн гэсэн юмандаа үнэнч байж чаддаг. Тэгээд "шуналтай” эр хүнд би дуртай.
Ийм гоё, сайхан байдаг нууцаасаа хуваалцаач?
Учиргүй анхаараад эсвэл зөнд нь орхиод байгаа юм байхгүй. Дэглэм барьдаггүй, хоолондоо хяналт тавьдаггүй. Хэмжээ хязгаартай, цадталаа биш идэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс ойр ойрхон, бага багаар иддэг. Энэ маань огцом таргалалт, ходоодоо сунгахгүй байхад тусладаг байх. Цүнхэндээ, машиндаа жижиг зүйлс авч яваад л иддэг. Бас маш их ус уудаг.
Сард хоёр удаа гоо сайханд ордог. Гурван сар тутамд гоо сайхны бүтээгдэхүүнээ сольдог.
Гоо сайхны хагалгааг юу гэж боддог вэ? Өөрөө энэ төрлийн хагалгаа хийлгэж байв уу?
Эмэгтэй хүн өөртөө 100 хувь итгэлтэй болохын тулд яагаад гоо сайхны хагалгаа хийлгэж болохгүй гэж. Эмэгтэйчүүд байтугай эрчүүд хийлгэж байна шүү дээ. Хамгийн гол нь хийлгээд 10, 20 жилдээ харамсахгүй байх нь л чухал. Миний хувьд одоогоор ямар нэгэн хагалгаа хийлгээгүй байна. Магадгүй 40 гараад арьс унжаад эхэлбэл хийлгэх л байхдаа.
Биеийн өндөр, жин тань хэд вэ?
Өндөр 174, жин 55 кг.
Загвар өмсөгчдөд тавигддаг шаардлагыг хангасан харьцаа байхаа. Загвар өмсөх талаар бодож байв уу? Магадгүй арван хэд хорин насанд?
Би жүжигчин болохыг л мөрөөддөг байснаас загвар өмсөгч болох тухай ерөөсөө бодож байгаагүй.
Ярилцсанд баярлалаа.
Ц.Анх