Персийн буланд “Монгол” нэртэй арал бий болно
Арабын Эмират улсын Дубай хотын зэргэлдээ далай дээр байгуулж буй бүлэг элсэн арлын нэгнийг Монгол хэмээн нэрлэжээ. Персийн булангийн усанд, эргээс хэдхэн километрийн зайд байгуулж буй World Islands хэмээх энэ байгууламжид багтаж буй арлуудад тус бүрт дэлхийн нийт 40 гаруй улс, хотуудын нэрийг оноон өгчээ. World Islands бүхэлдээ дэлхийн эх газруудыг харуулсан дүрстэй юм. Ийм хиймэл бүлэг арал байгуулах саналыг Эмиратын шэйх Мохаммед бен Рашид аль-Мактум гаргасан гэнэ. Монгол гэсэн арлыг тойрсон арлуудад Санкт-Петербург, Мурманск, Москва, Сургут, Ямал, Афганистан, Катманду зэрэг нэрс таарчээ. Бүлэг арлын нийт талбай 55 кв/км бол арлуудын хэмжээ 14-83 мянган кв/м байна. Хувийн болон арилжааны зориулалтаар ашиглалтыг нь ангилсан арлуудын эхний ангиллынхыг дэлхийн баячууд хэдийнэ худалдан авч эхэлжээ. Тэдгээрт дэлхийн хамгийн үнэтэй тансаг хувийн сууцнууд баригдана хэмээн төслийг хэрэгжүүлэгчид төлөвлөсөн байна.