Сонгоод уйлах уу, сонгоод хөгжих үү
2016 оны сонгууль бол Монгол улс ирэх 20 жилд урагшаа хөгжих үү, хойшоо ухрах уу гэдэг СОНГОЛТ хийнэ. Магадгүй Сири, Украйн шиг болох уу, Норвеги, Сингапур шиг хөгжих үү гэдгийг шийдэх цаг хугацаа. 25 насны босго алхсан ч томоожиж амжаагүй яваа Монголын ардчилсан нам улс орныг хэрхэн удирдсан бэ гэдэг дүнгээ тавиулна. Улстөрийн цаг хугацаагаар авч үзвэл үе солигдох эгзэгтэй процесс эрчимтэй явагдах нь дамжиггүй. Нийгэм ч үүнийг хүлээж байна. Гэтэл эрх баригч намын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа шинэ хүнийг дэмжихгүй, одоогийн УИХ-ын гишүүд дахиад өрсөлдөнө, УИХ-ын гишүүн хүн л жагсаалтанд нэр нь орно гэв. 20 жилийн өмнө "Намайг сонго, би чадна” хэмээн гуйж байсан нөхдүүд дахиад "10 жил төр баримаар байна” хэмээн тулган шаардах мэт аяглах нь цагийн зүүг хүчээр ухрааж буй үйлдэл гэлтэй.