Хүүгээ орхисон эцгийн өчил
Эцгээн санаж эхэр татан уйлсан өдрүүд цэглэгдэнэ
Өрх толгойлж амьдрал зохиож өөрөө аав болно
Өчнөөн жилийн гуниж байсан хоногууд дуусна
Бяцхан зүрхэндээ тээж явсан харуусал гомдлын нулимс чинь
Тэртээх он жилүүдтэй хамт нэгэнт урсан одсоон
Бядгүй гараа зангидан, ижийгээ жаргаана гэсэн тангараг тань
Тэмцлийн дундаас чамайг харин сайн хүн болгож чадсаан
Амьдралын нугачаанд өвдөг сөхөрсөн аавынхаа
Алдсан алдаа оносон оноог ахин нэг дэнслээрэй
Зовлонгийн далайг уруудаж биш сөрж гатлах байсныг
Зоосны нүхээр харсан амьдралаас хожимдож ойлгосоон
Хамтдаа үргэлж хажууд чинь байж гараас чинь хөтлөн
Ханатал эрхлүүлээгүй тэнэгхэн аавыгаа уучлах эсэхээ өөрөө мэд
Хайрандаа чамайг өлгийдөж зүрхэндээ зөвхөн энхрийлдэг
Хатан ижийгээ л харин бүү гомдоогоорой хүү минь
Цахиурт Овогт Даваасүрэнгийн Наранчимэг