ДҮР ЭСГЭСЭН ЭХ ОРОНЧИД ОО, ОЛНЫ СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР НААДАХАА БОЛЬ!
Жагсаж цуглана, тэмцэж өлсөнө гэсэн сүрдүүлэг нийгмийн олонхид шинэ сэдэв байхаа больсон. Хэн олныг өмгөөлөн тэмцдэг вэ, хэн үнэнийг хэлдэг вэ, хэн тууштай байсан бэ гэдгийг цаг хугацаа жингийн туухайд тавьсан мэт хэмжээд өгсөн тул хэн дуртай нэгний зарласан жагсаал цуглаан, тэмцэж өлсөх уриалгад иргэд ч автахаа болиод уджээ.
Тэмцэж уриалсан бүхэнд итгэж байсан өдрүүд энэ ард түмэнд бий. Гэвч тэмцэлд урин дуудагчид цаг хугацааны толинд хэн бэ гэдгээ харуулсан учраас түмний итгэлийн гал хэдийнэ бөхчээ. Жагсаал цуглааныг мэргэжлийн түвшинд зохион байгуулж явсаар албан тушаал дэвшин, зөөлөн суудалд суухаараа амаа хамхидаг. Эсрэгээр сандал ширээнээсээ салахаараа хотын төв талбайд гүйж ирээд "конторлодог” байж болохгүй биз дээ.
Э.Бат-Үүл, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, М.Ичинноров, Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга, Г.Баасан нарын олон "Дүр эсгэсэн эх орончид”-оос иргэд одоо дөлдөг болсон. Харин тэдэнд ичих сэтгэл байдаггүй юу эсвэл мэдрэмж байдаггүй юу. Үгүйсэн бол хийрхэл, иргэдийн илтгэл сэтгэлийг хулгайлсан дүр эсгэлт нь албан тушаалын шатаар өгсөх гүүр болж өгдөгт эрдэж явдаг уу гэдэг нь өөрөө сонин асуулт болоод байна.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө жагсаал цуглаанчдын хөлд тэгтэлээ дарагдаагүй төв талбайд энэ хавар "Дүр эсгэсэн эх орончид” ээлж ээлжээр зочлов. Албан тушаалтай, алдах юмтай байсан тэд өнгөрсөн хаврын өдий үед Сүхбаатарын талбайг санан дурсах зав чөлөөгүй явсан бол энэ хавар олон хүн энд жижүүрлэх болжээ. Дөрвөн жил Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаад сураг алдарсан Монголын Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан хүртэл өнжөөд явсан нь төв талбай яагаад "Дүр эсгэсэн эх орончдод” хэрэгтэй байдаг вэ гэдгийг олон нийтэд тов тод харуулах шиг.
Ойрын өдрүүдэд энд УИХ-ын гишүүн асан Г.Уянга "конторлож” байна. Тэр УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулна хэмээн ярьсан шоугаа энд үргэлжлүүлж байгаа юм. Сураг сонсоход тэр энд овоо удах гэнэ. Гэхдээ дөч гаруйхан хоногийн дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар хүссэн ч, эс хүссэн ч албан тушаалаа хүлээлгээд өгөх хүнийг сонгуулийн өмнө огцруулна хэмээн жагсаж сууж, сэлфи хийж, онлайнд цацах нь өөрөө Г.Уянгыг хэдий хэмжээний шоучин бэ гэдгийг олон тайлбаргүй харуулаад байх шиг. Асуудлыг сонгуулийн дараа яагаад хөндөж болохгүй гэж? Тэр цагт өндөр албан тушаалаас буусан хүнтэй ярих нь илүү тохиромжтой биш гэж үү!
Сонгуулийн өмнө зурагдсан пянз шиг шоугаа өрнүүлэх нь Г.Уянгад ашигтай байгаа бололтой. 2015 оны өвөл Г.Уянга МҮАН-аас гарч Тусгаар, тогтнол эв нэгдлийн намын дарга болж байв. Улсын дээд шүүх ийм нэртэй намыг нэг жилийн өмнө бүртгэсэн бөгөөд хэн үүсгэн байгуулсан гэдэг нь Г.Уянгыг намын даргаар тодрох хүртэл тодорхойгүй байсан гэдэг. Анхны дарга нь Ц.Баянбилэг гэх хүн бөгөөд тэр Г.Уянгыг дарга болохоос арав хоногийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн талаар хэвлэлүүд шуугиж байсан. Харин энэ нам Х.Баттулгын "халаасны нам” хэмээн яригдаж байсан билээ.
Энэ мэдээлэл Г.Уянгын жагсаал цуглааны үзүүр хаашаа чиглэж байгааг харж болох юм. Нөхөрлөж явсан УИХ-ын гишүүн эмэгтэйнхээ Төрийн ордонд согтуурхсан бичлэгийг олон нийтэд дэлгэснээс хойш Г.Уянгын нэр хүнд эрс унасан. Утсаа хулгайд алдсан гэж тайлбарласан тэр хожим нь бичлэгийг өөр нэг гишүүн цацсан хэмээн тайлбарлаж үзээд олны дургүйг улам ихээр хүргэсэн. Алдсан нэр хүнд ахин мөддөө сэргэдэггүйг мэдрэмжгүй улстөрчид ойлгодоггүй бололтой юм.
Монголын төр, нийгэмд болох бүтэхгүй олон асуудал хуримтлагдсан нь үнэн. Ард иргэдэд өнөөдөр шийдвэрлүүлэх ёстой, ирээдүйнхээ төлөө санаа зовних олон асуудал үүссэн нь бас үнэн. Гэвч үүнийг шийдэх арга зам нь улиг болсон, мөнгөтэй мөнгөгүй жагсаал цуглаан биш. Шийдвэрлээд, шийдвэрлүүлээд өгдөг хүмүүс нь олны сэтгэл зүрхнээс хол гээгдсэн "Дүр эсгэсэн эх орончид” биш гэдгийг цаг үе, үйл явдлууд харуулчихсан билээ.
Зөв гарцыг олох зөв хүмүүс шийдвэр гаргах түвшинд биш юм гэхэд нийгэмд олноороо бий. Тэд зөв шийдлийг олох нь гарцаагүй. Дүр эсгэсэн эх орончид оо, олны сэтгэл зүйгээр наадахаа боль. Төв талбайг амраа.
Н.ТУНГАЛАГ
Сэтгэгдэл байхгүй байна.