Сирийн эсрэг хоригоо Европын холбоо нэг жилээр сунгалаа
Сирийн засгийн газрын эсрэг авсан хориг арга хэмжээгээ Европын Холбоо /ЕХ/ нэг жилээр сунгасан тухай тус холбооны зөвлөл мэдэгдлээ.
"Тус зөвлөлийн шийдвэрээр Сирийн засгийн газрын эсрэг авсан хязгаарлалтын арга хэмжээг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгалаа” гэж мэдэгдэлд дурдсан байна. Үүний сацуу хоригийн хар жагсаалтад Сирийн засгийн газрын гурван сайдын нэрсийг шинээр оруулжээ.
Мэдэгдэлд дурдахдаа "энгийн иргэдийн эсрэг үйлдэж буй харгислал үргэлжилсээр байгаа өнөөгийн нөхцөлд Сирийн эрх баригч дэглэм болон түүний талынхны эсрэг авсан хориг арга хэмжээгээ Европын Холбоо үргэлжлүүлэх болно” гэжээ.
Сирийн эсрэг авсан ЕХ-ны хориг арга хэмжээ бол тус холбооны зүгээс авсан хамгийн том хоригуудын нэг юм. Уг хоригийг 2012 оноос эхлэн шат дараалан хэрэгжүүлж байгаа ажээ. Үүнд, Сириэс нефть худалдан авахыг хориглох, тус улсад нефтийн бэлэн бүтээгдэхүүн, түлш шатахуун нийлүүлэхийг хориглох, Сирийн Төв банкны активуудыг битүүмжлэн царцаах, харилцаа холбоог хянах, таслах зориулалттай тоног төхөөрөмжийг Сирид нийлүүлэхийг хориглох зэрэг арга хэмжээнүүд багтаж байгаа юм. Үүний сацуу ЕХ-ны хар дансанд Сирийн 239 хувь хүн болон 67 хуулийн этгээдийг оруулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.