ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД “ТОСК–999” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
"Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд "ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
"ТОСК-999” төслийн эхний ээлжийн орон сууцны
барилгыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр
хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан 4.9га газарт эхлүүлэх бөгөөд нийт 848
айлын 50 блок, 4-өөс 5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах юм. Тус орон сууцны хотхоны барилга
угсралтын гүйцэтгэгчээр "Жи Ди констракшн” ХХК ажиллаж байна.
"ТОСК-999” төслийн онцлог нь иргэдийн төлбөрийн
чадварт нийцсэн хямд өртөгтэй, богино хугацаанд хэсэгчилэн барьж ашиглалтад
орох, нам давхрын орон сууцнууд байх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа,
материалыг түлхүү ашиглаж, Монгол Улсын барилгын норм дүрэм, стандартад бүрэн
нийцсэн орон сууцны жишиг хотхоныг байгуулах юм.
Улаанбаатар хотын хөрсний болон агаарын бохирдлыг
бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд
"ТОСК-999” төсөл нь өөрийн хувь нэмрээ оруулна.
Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын
орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол 6 сарын 9-ны өдөр 12 цагт
болох бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, СХД-ийн Засаг
дарга Ж.Сандагсүрэн, "Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал
Ж.Хичээнгүй, "Жи Ди констракшн” ХХК–ийн захирал У.Баатар болон бусад албаны
хүмүүс, инженер техникийн ажилтнууд оролцлоо.