Энэ хавар, зун эхлүүлээд байгаа бүтээн байгуулалтын томоохон төслүүд
Уруудаж хасах руугаа орчихоод байсан эдийн засаг эхний таван сард 4,1 хувиөр өссөн сайн мэдээ байна. Сонгууль угтсан талцал, хар пиарын дунд энэ бол аль ч талаасаа сайн мэдээ. Засгийн газар 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилтны хүрээнд хэд хэдэн томохон төслүүдийг энэ хавар, зун эхлүүллээ. Нэг томоохон төсөл хөдөлөхөд түүнийг тойрон эдийн засаг идэвхжиж эхэлдэг нь жам. Иргэд ажилтай болно. Орлоготой бол худалдан авалт хийнэ, эрэлт нэмэгдснээр үйлдвэрлэл өснө гэхчлэнгээр эдийн засгийн бие биеэ дэмжсэн гинжин "урвал” эрчимжинэ. Тийм болохоор улс орны эдийн засгийн өнгөтэй өөдрөг мэдээллийг иргэддээ дуулгая гэж зорилоо.
МАН-ын Засгийн газрын 2020 он хүртэлх хөтөлбөрт томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ эдийн засгийн бодит өсөлт, зөв тогтолцоог хангах, эдийн засгаа солонгоруулж олон тулгуурт болгох, боловсруулах үйлдвэр барих, цаашдаа экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, валютын гадагш чиглэсэн урсгалыг аль болох саармагжуулж тогтоон барихыг чухалчилж байгаа. Энэ зорилгын хүрээнд газрын тос боловсруулах болон зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэснийг урьд нь мэдээлж байсан. Харин энэ удаад 2017 оны хавар зун буюу одоогоор шав тавьж нээлтээ хийчихээд байгаа томоохон бүтээн байгуулалтуудаас түүвэрлэн хүргэж байна.
-Засгийн газрын хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг бол болох Улаанбаатар-Мандалговь чиглэлийн дэд станцууд болон 270 км цахилгааны шугам татах ажил эхэллээ. Энэ төсөл хэрэгжснээр Оюутолгой, Тавантолгой, Цагаансуваргын ордыг төвийн эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Мөн Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсны дараа төвийн бүсээ эргэж тэжээх шугамыг өнөөдөр эхлүүлж байна. Цаашид Монгол Улс хөрш улсууд руу эрчим хүч экспортлох ирээдүйн боломж гарч ирж байгаа юм.
Одоогийн байдлаар Оюутолгой 100 орчим сая ам.долларын эрчим хүчийг Хятадаас жил бүр авдаг. Тэгвэл энэ төсөл хэрэгжснээр ийм хэмжээний эрчим хүчийг дотоодоос нийлүүлэх техникийн боломж бүрдэж байна гэсэн үг юм. Бусад цахилгаан станц ашиглалтад орсны дараа нааш, цааш гүйх цахилгааны урсгал чөлөөтэй болно.
-Монгол Улсын төмөр замын салбарт томоохрн бүтээн байгуулалт эхэлж байна. Гэхдээ энэ нь урагшаа бус хойшоо чиглэсэн шинэ төмөр зам. Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл 547 км төмөр замын ажил шав таьснаар эхлэв. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол, Орос, Хятад гурван улсын Ерөнхийлөгч нарын эдийн засгийн коридор байгуулах тухай хэлэлцээ ажил хэрэг болно. Тодруулж хэлбэл, энэхүү төмөр зам Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорын үндэс болох юм. Тус төмөр замаар жилдээ 30 сая хүртэлх тонн ачаа тээвэрлэх юм байна.
"Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам 542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй байх бөгөөд төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар бөгөөд гүйцэтгэгчээр "Нортерн Рэйлвэйс” ХХК ажиллаж байна.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил эхэллээ. Тус замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цементбетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж ирэх 2018 онд хүлээлгэн өгнө.
Дарханы зам ийм болно
Энэ шинэчлэлтээр 12 төмөр бетон гүүр, 2 туннел, түр зогсоолын талбай, гадаргуугын ус зайлуулах, урсгал залах байгууламжтай болгоно. Мөн хар цэг буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-ын даваа, 60-ын даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.
- Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох "С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүртэй байх юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам.доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Замын цагдаагийн гүүрэн гарц ингэж төлөвлөгдсөн
-Улаанбаатарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг нь Яармагийн шинэ гүүрийн ажил юм. Яармагийн шинэ гүүр, хуучин гүүр нийт зургаан эгнээтэй болох бөгөөд гүүрний ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусахаар төлөвлөгдөөд байна. Энэхүү гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж эхлүүлээд байна.
Яармагийн шинээр баригдах гүүр
- Туул гол дээгүүр барих Баянзүрхийн 321 урт метр гүүрийн ажил эхлээд буй. Налайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ 2 эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөн энэ жил ажлыг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тиймээс тус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг уялдуулах үүднээс Туул гол дээрхи Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ, дугуйн болон явган замтай барихаар төлөвлөж ажлаа эхлээд байна.
-Монгол Улсын Засгийн газар хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, "Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох 1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг тавьж ажлыг эхлүүлэв.
Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар найман орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль барих юм. Цаашид 1,57 га газрыг чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол барина.
Сэтгэгдэл байхгүй байна.