Ахмад настны тухай хууль хэрэгжиж эхэллээ
Өнөөдрөөс эхлэн Монгол Улсад 11 хууль шинээр хэрэгжиж эхлээд байна. Тодруулбал, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/, Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай, Авто замын тухай /шинэчилсэн найруулга, Усан замын тээврийн тухай /шинэчилсэн найруулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга, Прокурорын тухай /шинэчилсэн найруулга/ юм.
Үүнээс бид Ахмад настны тухай хуулийг онцолж байна.
- Ахмад настны тухай хуулиар ахмадууддаа дараах эрхийг олгож байгаа юм байна. Тодруулбал, ахмад настан нь хүсэл, сонирхол, эрүүл мэнд, мэдлэг, чадвартаа тохирсон хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхтэй.
- Ахмад настны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх барьцаалахыг хориглоно.
- Хүндэт донор ахмад настнууд рашаан сувилалд 100 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Түүнчлэн хиймэл шүд хийлгэсний төлбөрийг гурван жилд нэг удаа авах боломжтой.
- Ахмад настнуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан, нийт ажиллагсдын 50-иас доошгүй хувийг нь ахмад настнууд эзэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, хоршоонд Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр хөрөнгө зээл олгож дэмжлэг үзүүлнэ.
- Тухайлсан салбарын мэдлэг туршлагатай ахмадуудыг гэрээт ажилтан, зөвлөх, сургагч багшаар ажиллуулах боломжтой.
- Нийгмийн даатгалын сангаас ахмадад олгох оршуулгын тэтгэмжийг 100 хувь болгон нэмэгдүүлжээ.
- Гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч нь ахмад настныг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, нийгмийн харилцаанд оролцоход нь саад учруулах, хязгаарлах, түүнийг хөгжих, асран сувилах үйлчилгээнд хамруулахаас зайлсхийхийг хориглоно.
- Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв нь ахмад настанд зориулж насжилтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах.
- Нийслэлээс 1000 километр ба түүнээс хол алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн болон нэгдсэн эмнэлэг тухайн ахмад настанд дараалал харгалзахгүй үйлчилж, унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох.
- Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв нь хэвтрийн болон архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг байнгын хяналтад авч, асран сувилах тусламж үзүүлэх явуулын үйлчилгээг ахмад эмч болон сувилагч, тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтныг оролцуулан зохион байгуулах.
- Гэрээр асруулж байгаа байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй ахмад настанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.6-д заасан мөнгөн тусламж олгох.
- Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ахмад настны кабинет, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд ахмад настны эмч, эсхүл ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч ажиллуулах.
- Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр эм олгох бөгөөд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
Хуулийн хүрээнд хийгдэж буй хамгийн том ажил бол Насны хишиг юм.
- Жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага бүр ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна.
- 65 болон түүнээс дээш настай ахмад настанд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан жил бүрийн 01 дүгээр сард, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жил бүрийн 7 дугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн насны хишиг олгох бөгөөд насны хишиг олгох журмыг Засгийн газар батална.
Насны хишиг нь дараах хэмжээтэй байна.
- 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг.
- 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг.
- 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг.
- 90, түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг.
Ахмад настны тухай хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарах аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл байхгүй байна.