А.Гылымханы ивээлд багтсан Б.Асалбек төрийн албыг самарч байна

0

 

-2017 оны гуравдугаар 7-ны өдөр Засаг дарга А.Гылымханы тушаалаар Б.Асалбекийн талаар өргөдөл, гомдол гаргаад байгаа хүмүүсийг нэг тийш нь цэгцэл гэсэн үүрэг өгсний дагуу ийн биднийг ээлж дараалан дарамтлах болсон нь энэ юм билээ-

 

Манай сонин өнгөрсөн тавдугаар сараас эхэлж Баян-Өлгий аймагт улс төр дагасан албан тушаалын томилгоо хэрээс хэтэрч байгаа болон маш олон хүн хууль бусаар ажлаас халагдаж байгаа тухай мэдээллийг олон нийтэд хүргэж байсан. Тэгвэл энэ удаа тус аймгийн Хөгжимт драмын театрын даргыг /ХДТ/ түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Асалбек гэх эрхэм өөрийг нь шүүмжилж зөв бурууг нь хэлсэн жүжигчин бүсгүйг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халж элдвээр дарамталсаар өнөөг хүрчээ. Болсон явдлыг сийрүүлбэл, УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр баруун аймгуудаар явж иргэдтэй уулзалт хийхэд аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Б.Балжан гэх бүсгүй Б.Асалбекийн талаарх шүүмжлэлийг хэлжээ. Гэтэл тэр цагаас хойш өөрийг нь олон нийт болон УИХ-ын даргыг дагалдан ирсэн намын нөлөө бүхий хүмүүсийн өмнө намайг хурцаар шүүмжиллээ хэмээн тэрбээр ихэд уурсаж энэ цаг үеэс хойш бүсгүйг ихэд дарамталж өө сэв хайх болсон байна. 

Б.Балжан: Засаг дарга А.Гылымханы тушаалаар олон хүн дарамтлуулах болсон

Ингээд ажлаасаа хууль бусаар халагдсан Б.Балжан өөрийн биеэр манай редакцид ирж дараах зүйлийг ярьсан юм. Тэрбээр "Аймгийн ХДТ-ын түр орлон гүйцэтгэгч Б.Асалбек намайг өөрийг нь шүүмжилсний төлөө ажлаас минь хууль бусаар халлаа. Би залуу хүнийхээ хувьд болж буй асуудлыг үнэн, зөвөөр нь олон нийтэд хүргэхийг зорьсон. Миний хэлж ярьсан үгэнд худлаа нэг ч үг байгаагүй гэдгийг хамт ажиллдаг хүмүүс маань бүгд мэдэж байгаа. 

Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдөр МАН-ын дарга М.Энхболд манай аймагт ажиллах хугацаанд ард иргэдтэй уулзалт хийх үеэр миний бие театрынхаа ажилчдын өмнөөс Б.Асалбек гэгч эрхэмийн хууль бус буруутай үйлдэл болон төрийн албаны ёс зүйгүй байдлын талаар үг хэлсэн. Үнэн үг хэлсэнийхээ төлөө өдий болтол хавчигдан дарамтлуулсны эцэст өнгөрсөн сарын 24-ний өдөр Сахилгын шийтгэл гэсэн албан бичгээр ажлаасаа халагдсан. Ингээд би Б.Асалбекээс ямар шалтгааны улмаас намайг ажлаас халсан бэ гэж асуухаар огт хариулт өгдөггүй. Учир нь тэрбээр намайг ажлаас хууль бусаар халсан болохоор хариу өгч чаддаггүй гэсэн үг. Яг үнэндээ Б.Асалбек нь төрийн алба болон удирдах албан тушаал хашиж үзээгүй туршлагагүй нэгэн. Энэ эрхэм шударга бус алагчилсан үзэлтэй, ёс суртахуунгүй, харилцааны доголдолтой. Томилогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагаар олонтаа шалгагдаж, одоо ч асуудал нь дуусаагүй хэвээр байгаа. 

Түүнчлэн уг уулзалтын үеэр БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр Б.Асалбект хандаж дараах зүйлийг хэлж байсан. "Саяны хурал дээр шүүмжлэл хэлсэн охиныг үргэжлүүлэн дарамталбал өөрийг тань биечлэн хариуцлага хүлээлгүүлнэ гэдгийг хатуу сануулъя” гэж хэлсэн. Мэдээж төрийн сайд олон хүний өмнө ингэж хэлсэн нь Б.Асалбект хүнд цохилт болсон байж болно. Гэхдээ бүхэл бүтэн байгууллага удирдаж байгаа хүн өөрийнхөө алдаа, оноог дэнсэлж алдаагаа засах ёстой биз дээ. Б.Балжан миний бие ганц ч удаа ажлын хариуцлага алдаж байгаагүй, халсан гэх шалтгаан нь нэг цагийн бэлтгэлд ирж амжаагүйн улмаас болсон болов уу гэж би ойлгож байгаа. Гэтэл бүхэл бүтэн тоглолт тасалж, хүндэтгэх шалтгаангүй ажилдаа ирдэггүй хүмүүсээс ямар нэгэн арга хэмжээ авдаггүй хэрнээ надад ийн хандсаныг нь би хувийн өш хонзон гэж ойлгож байна. Уг нь байгууллагын дарга хүн ажилтнаа халах гэж байгаа бол нэг сарын өмнө мэдэгдэж ажлаас халах болсон шалтгаанаа тайлбарлах ёстой. Мэдээж би хууль бусаар ажлаасаа халагдсан учраас өнгөрсөн сарын 28-ны өдөр аймгийнхаа шүүхэд гомдол гаргасан. 

Б.Асалбек төрийн албанд огт ажиллаж байгаагүй

Түүнчлэн би хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухайгаа аймгийн Засаг дарга А.Гылымханд хандаж уулзах хүсэлт тавихад намайг хүлээж аваагүй хэрнээ захиргааны дарга нараа над руу явуулж удаа дараа дарамталж эхэлсэн. А.Гылымханы албатуудын хэлж буйгаар "Чи Б.Асалбектэй битгий муудалцаад бай. Чи л ажилгүй болж хамаг хариуцлагыг өөр дээрээ үүрэх болно шүү гэж удаа дараа хэлж байсан. Түүнчлэн манай театрын нэр бүхий дөрвөн хүнийг А.Гылымханы "цэргүүд” аймгийн захиргаан дээр дуудаж Б.Асалбекийг дэмжиж ажиллахыг үүрэгдсэн. 

Тухайлбал, 2017 оны гуравдугаар 7-ны өдөр Засаг дарга А.Гылымханы тушаалаар Б.Асалбекийн талаар өргөдөл, гомдол гаргаад байгаа хүмүүсийг нэг тийш нь цэгцэл гэсэн үүрэг өгсний дагуу ийн биднийг ээлж дараалан дарамтлах болсон нь энэ юм билээ. Товчхондоо бол А.Гылымхан дарга төрийн албанд огт ажиллаж үзээгүй удирдах албан тушаал хашиж байгаагүй, багаар ажиллах чадваргүй Б.Асалбекийг томилсон нь өнөөдөр олон хүнийг ажилгүй болгож байгаагийн нэг жишээ нь энэ. Гэтэл би театртаа дуучин, хөгжимчин, бүжигчин, хөтлөгч гээд бүхий л ажлыг хоёр жил хийчихээд Б.Асалбекийн буруу үйлдлийг шүүмжилснийхээ төлөө ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсандаа харамсч байна. Хэрвээ би ямар нэгэн алдаа дутагдал гаргачихаад ажлаасаа халагдсан бол би энэ талаар үг дуугарах ч эрх байхгүй шүү дээ. Гэтэл А.Гылымханы даргын яг хажууд нь нүдэн дээр нь ийм хууль бус үйлдэл гараад байхад сонсоогүй мэт аашилж Б.Асалбекийг шүүмжилсэн хүн бүхнийг дарамталж байгаа нь хуульд нийцэх үү. Бид МАН-д итгэл үзүүлсэн учраас өнөөдөр энэ хүмүүс аймгийн эрх мэдлийг удирдах болсон. Гэтэл эрх мэдэл албан тушаал авангуутаа мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг гудамжинд хөөж гаргаж байгаад харамсч байна. Эцэст нь хэлэхэд би энэ асуудлаар эцсээ хүртэл хууль шүүхийн байгууллагаар явах болно. Би тус театрт орохдаа хэн нэгний татаасаар орсонгүй. Өгөх ёстой шалгалтыг нь өгч уран сайхны зөвлөлөөр шалгуулж театрт ажиллах эрхээ авсан шүү гэдгийг А.Гылымхан, Б.Асалбек нарт хандаж хэлмээр байна. Би өнөөдөр залуу хүн. Миний ирээдүйг харлуулах зүйл бүү хийгээч гэж хүсмээр байна” гэлээ. 

Ямартай ч Б.Балжан гэх бүсгүй та бүхэн манай аймагт очиж төрийн алба хэрхэн төрлийн алба болсныг нүдээр харвал маш олон ноцтой гэмээр зүйлсийг харах болно хэмээж байв. Яг үнэндээ Баян-Өлгий аймагт улс төр дагасан албан тушаалын томилгоо хэрээс хэтэрсэн тухайг бид өнгөрсөн тавдугаар сард баримттайгаар мэдээлж байсан. Угтаа бол Засаг дарга А.Гылымхан нутгийнхаа зон олныг ялгаварлан гадуурхаж, хагалан бутаргах үйл ажиллагааг одоо хүртэл хийж буй нь Б.Балжан бүсгүйн энэхүү баримт. Уг нь аймгийн Засаг дарга гэдэг албан тушаал нутгийн зон олноо хүлээн авч асуудлын буруу зөвийг ялгаж доод албан тушаалын хүмүүстээ энэ талаарх мэдээллийг өгч Б.Асалбекийг болж буй үйл явдалд тайлбар өгөхийг шаардах эрхтэй. Гэтэл ажил хөдөлмөрийн амт шимтэнд орж яваа 30 нас ч хүрээгүй залуу бүсгүйг үнэн үг хэлснийх нь төлөө шадар цэргүүдээрээ удаа дарамтлуулж байгаа нь хэр ёс зүйтэйг нь илтгээд өгч байна. Ямартай ч "Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, Үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэгчээр Засаг дарга А.Гылымхан өөрийг нь болон түүний үнэнч шадруудын талаар шүүмжлэл хэлсэн хүмүүсийг дарамтлаад зогсохгүй эрх мэдэл албан тушаалаа ашиглан хууль хяналтын байгууллагад шалгуулж, дарамт үзүүлэхийг ч оролдсон тохиолдол ч бий. Ийм л хүн Баян-Өлгий аймгийн иргэдийн хувь заяагаар тоглож, тэдний амьдралд нэмэр болдоггүй юм аа гэхэд ядаж нэрмээс бүү болооч гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Бид дараагийн дугаартаа тус аймагт үүссэн бас нэгэн асуудлын талаар хөндөн хүргэх болно. 

Эх сурвалж: Өглөөний сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.