НИЙСЛЭЛИЙН БУС НАМЫН ДАРГА ШИГ АЖИЛЛАЖ БАЙГАА ХОТЫН ДАРГЫГ ОГЦРОХЫГ ШААРДЛАА
Баянзүрх дүүрэгт Ардчилсан Намаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчид өнөөдөр хэвлэлд хандлаа. Тэдний зүгээс Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг иргэдийн эрх ашгийн төлөө бус МАН-д үйлчилсэн хууль бус шийдвэрүүд гаргаж байгааг эсэргүүцэж ийнхүү хэвлэлд хандсан байна. Иргэдийн хурлын төлөөлөгчдийн үзэж байгаагаар МАН-д үйлчилсэн шийдвэрийн нэг нь Баянзүрх дүүргийг хуваах ажлын хэсэг байгуулсан явдал гэнэ. Тус дүүргийн хувьд 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш дүүргийн Засаг даргаа томилуулж чадахгүй жилийн нэлээдгүй хугацаа үдсэн. Үүнээс үүдэн төрийн ажил цалгардаж, ард түмний бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Дүүргийн хоёр хуваах шийдвэр нь дахин сонгууль явуулах шалтаг. Өмнөх сонгуулийн дүн гараагүй байхад энэ асуудлыг ярьж, ажлын хэсэг гаргаад байгаа нь цагаа олсон шийдвэр биш хэмээн үзсэн байна. Мөн дүүргийг хуваах ажилд 40 тэрбум төгрөг зарна гэдэг урьдчилсан тооцоо гарсан байгааг дуулгасан юм. Ийнхүү эцэс төгсгөлгүй сонгуулийн маргааш эцэстээ 40 тэрбумыг үрж, дүүрэг хуваах хэмжээнд хүрчхээд байгаад иргэд эсэргүүцсэн байна. Иймээс Баянзүрх дүүргийн АН-ынхан зардал мөнгөний тооцоо нь гараагүй, үндэслэлгүй асуудлыг гаргаж ирсэн энэ асуудлаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаад байгаа аж. Мөн нийслэлийн бус намын дарга шиг ажиллаж буй С.Батболдыг ажлаа хуулийн дагуу хийж чадахгүй бол огцрохыг тэд шаардаж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр дуулгасан юм.
Үүнийхээ дараа нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны гадаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су. Батболдыг огцрохыг шаардаж жагссан байна.