ШҮЛХИЙ Л БИШ ШҮҮ, СУ ДАРГА АА
Хүн амынхаа тооноос хэдэн зуу дахин их малтай монголчууд малаа эдийн засгийн эргэлтэд оруулах тухай их л олон жил мөрөөдлөө. Харамсалтай нь малын тоо толгой 60 саяд хүрчихсэн атлаа махаа үнэд оруулах хүсэл маань мөрөөдөл хэвээр өнөөдрийг хүрч байна. Салбар яам энэ талаар тун их анхаарч буй.
Тэдний ажлыг муулах гэсэн хэрэг огт биш. Хууль эрхзүйн орчноо баталж, малаа эрүүлжүүлэх талаар ч чамгүй ажил хийж байгаа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр төрийн бодлогыг үл тоодог, амин хувиа хичээсэн хүмүүс хаа сайгүй олширчээ. Өвчтэй гэж устгалд оруулахыг үүрэгдсэн малаа нядалчихаад хот руу зөөхөөр санаархаж байсан тохиолдол гарч байсныг ч нуух аргагүй.
Энэ мэтээр малчид хүртэл хүн чанараа алдаж зөвхөн мөнгөний хойноос хөөцөлдөх болсон цөвүүн цаг ирээд байна. Малынхаа чанарт бус тоонд хэт анхаарч, олон малтай гэсэн жижигхэн нэр хүндээс болж монгол малын чанар улам бүр муудсаар байгааг худлаа гэж хэлэхгүй биз ээ. Хаа хаанаа чин сэтгэл дутаж байгаа учраас бид олон жилийн мөрөөдлөө ажил хэрэг болгож чадахгүй өнөөдрийг хүрлээ.
Монгол малын мах чанартай ч өвчтэй гэсэн сөрөг пиар дэлхий дахинд байдаг учраас талын монголын таана амтагдсан амттай махыг бус угааж, ариутгасан амт чанаргүй махыг дэлхий дахин сонирхож байгааг буруутгах аргагүй юм. Хамгийн гол нь тэдэнд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага чухал учраас ийм сонголт хийж буй.
Тэгвэл шүлхий өвчний голомт нийслэлд илэрсэн аймшигтай мэдээ дуулдах болов. Харамсалтай нь үүнийг тоож байгаа хүн алга. Нэг сая гаруй хүн амтай мега хотод малын өвчлөл гарна гэдэг нь өөрөө асар өндөр эрсдэл дагуулж байгаа бус уу. Устгах үүрэг өгсөн малыг зарах гээд зогсч байсан хүмүүс санаатай болон санамсаргүй байдлаар шүлхийн өвчлөлтэй махыг хүнсэнд нийлүүлвэл хэрхэх билээ.
Нийслэлийн орц хонгил бүрт байрлаж байгаа цайны газар, ресторанд өвчтэй малын мах очихгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй. Хэдийгээр тархалтыг хянаж, хорио цээрийн дэглэм тогтоосон ч бидний хаяанд ирчихээд байхад эрсдэлгүй ээ гэж хэлэх эрүүл ухаантай хүн байхгүй гэж найдъя. Цаашлаад хүнд халдвал шигүү суурьшилтай хот тосгонд ямар аюул дагуулахыг эрхэм хотын удирдлагууд мэдээгүй сууна гэж үгүй л байлтай. Хотын удирдлага зөвхөн энэ асуудлаас болж огцрох учиртайсан.
Гэтэл манай дарга нарт хүн амынх нь аюулгүй байдлаас илүү ТҮЦ-ний худалдаа чухал бололтой. Ширхэгийн тамхи, бохь зарж амьдралаа залгуулж буй ядарсан ард түмэндээ л ид шидээ үзүүлэхээс бус нийслэлийн иргэд нь хордох эсэх нь түй ч хамаагүй байгааг зөвтгөх ухаан олдохгүй нь.
Баруун, зүүн тийшээ эргэх эсэхэд л цаг зарцуулахаас бус шүлхийн өвчлөл нийслэл хотод нь аюул дагуулж буйг анхаарах сөхөө алга, манай дарга нарт. Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд аюулгүй, эрүүл хот болохын тулд хичээж буй. Тэр ч байтугай жуулчдад хамгийн ээлтэй хот байх зорилго тавьж, шөнийн гудамж хүртэл нээсэн.
Энэ бүхэн зөвхөн аялал жуулчлалын сэргээхэд чиглэсэн арга хэмжээ. Жилдээ хэдэн арван тэрбумаар олон янзын баяр наадам хийж жуулчдын сэтгэлийг татахаар хичээдэг болсон. Гэтэл энэ бүх хичээл зүтгэлийг зөвхөн шүлхий хотод ороод ирчихэж гэсэн гуравхан үг үгүй болгоно гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Су.Батболд дарга аа. Шүлхийд тавих хяналтаа сайжруулаач. Нийслэлийн хэмжээнд онцгой байдал зарласан ч яах вэ.
Ширхэгийн бохь, тамхины худалдаачдад бус малын өвчлөлөө анхаараач. Бүр болохгүй бол нийслэлд малтай айл өрх байлгахгүй гэж захирамж гаргасан ч яадаг юм. Нийслэлд худалдаалагдаж буй мах, махан бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах талаар холбогдох газар хэлтэстэйгээ ойрхон ажиллаач. Салбар яамтай хамтраад ч болов өвчтэй малаас хурдхан ангижрах талаар ажиллаж болохгүй юу.
Эс бөгөөс та хариуцлагаа хүлээ. Зүүн эргэлт гэх мэт жижиг асуудлаас илүү нийслэлийн иргэдийн эрүүл хүнс хэрэглэх нэн тэргүүний хүслийг хангах талаар ажиллаач гэж энэ талаар ажилладаг бүх газрын дарга, удирдлагаас хүсэх байна. Нийслэлд асуудал мундахгүй их байна. Шүлхий л биш шүү.
Монголын мэдээ
Б.Эрхэс
Сэтгэгдэл байхгүй байна.