”Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй” гэв
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөлөр ээлжит хурлаараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Ерөнхийлөгчийн тавьсан хориг болон Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн УИХ-аас гаргасан Ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхийлөгчийн хоригийн талаар "Ерөнхийлөгч 2017 оны төсөвт хийсэн тодотголд бүхэлд нь хориг тавьсан албан тоотыг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр ирүүлсэн. Хориг тавьсан шалтгаан нь хүүхдийн мөнгийг 100 хувь өгөөгүй, төрийн албан хаагчдад төсвийн мөнгийг хууль бусаар олгож байгаа, мөн төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулж, төсвийн чанарыг бууруулсан гэсэн утгатай хориг ирүүлсэн. Бүлгийн хурлаар хоригийг хэлэлцээд төсвийн тодотголд хууль зөрчсөн үндэслэл байхгүй гэж үзээд Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэлээ. Хүүхдийн мөнгөний асуудлаар одоо ч ОУВС-тай гэрээ хэлэлцээр хийж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох байсныг 80 хувь болохоор хэлэлцэж байна. Цаашид 2020 он гэхэд бүх хүүхдэд олгох асуудлыг шат шатанд нь шийдвэрлээд явах бодлого баримталж байгаа. Төрийн албан хаагчдад олгож байгаа 300 мянган төгрөг бол урамшуулал биш. Сүүлийн хэдэн жил төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй. Бид 2017 оноос цалинг нэмэх гэтэл эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Иймд төсвийг "эрүүлжүүлж”, эдийн засгийн өсөлтийг аль болох нааштай болгон орлогын тогтвортой өсөлтийг бий болгоход анхаарч байна. Төсвийн 94.5 тэрбум төгрөгөөр бууруулсан гэх асуудал нь үндсэндээ төсвийн чанарыг 0.5 хувиар сайжруулсан. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлыг тодорхой төвшинд бууруулж чадсан. Ер нь төсөвт тодотголд хийх тухай асуудлаар өнгөрсөн хугацаанд АН-ын зүгээс хоёр ч удаа УИХ дахь МАН-ын бүлэгт албан бичиг, шаардлага хүргүүлж байсан” гэлээ.
Харин Монгол Улсын 2018 оны төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "УИХ-ын даргын захирамжаар 2018 оны улсын төсвийг өргөн барьсантай холбогдуулаад дүгнэлт гаргах болон судлах ажлын хэсэг байгуулж ажилласан. Төсвийг бид гурван чиглэлээр судалсан байгаа. 2018 оны төсөв бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд бүрэн нийцсэн гэж үзэж байгаа. Тухайлбал, төсвийн алдагдал, төсвийн хүрээний мэдэгдлээр 9.5 хувьтай байх ёстой. Гэтэл Засгийн газар түүнийг бууруулж төсвийн алдагдлыг найман хувь байна гэж оруулж ирсэн. Хоёрдугаарт, төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцэж байгаа эсэхт дүгнэлт гаргах ёстой. Энэ нь бүрэн нийцсэн. Гуравдугаарт, Засгийн газар төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах талд хэрхэн ажилласан эсэхийг судалж үзэхэд төсвийн орлогыг 694 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Төсвийн зарлагын хувьд 497 тэрбум төгрөг нэмэгдүүлж оруулж ирсэн. Үүнд хөрөнгө оруулалт болон зарим сайдын урсгал зардал нэмэгдсэн. МАН-ын бүлэг эдгээр асуудлыг хэлэлцээд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, 2018-2020 онд хийх бүтээн байгуулалтын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулахад хөрөнгө гаргах, мөн улс хот хоорондын автозамын засварын хөрөнгийг нэмэгдүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн оношлогооны төв байгуулах зэрэгт нийт 100-гаад тэрбум төгрөгийг төсөв дотор хөдөлгөх шаардлагатай гэж үзлээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын Байнгын хороод, чуулганд танилцуулахаар бэлтгэж байна” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна.