Сураггүй болоод 36 хонож буй охины Монголчуудад өгч буй СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Хүүхэд алга боллоо гэх дуудлага ирсэн даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлдэг болгоё
Наймхан настай, нялх жаахан охин гэрийнхээ үүднээс шахуу алга болоод 36 хоночихлоо. Монголын хууль хяналтынхан, тагнуул, цагдаа, тусгайгийнхан гээд нарийн мэргэшсэн бүх шатны байгууллагынхан эрж хайж байгаа ч бүдэг бадаг сураг ч гаргаж чадсангүй, өнгөрсөн хугацаанд.
Монгол хүн бүр ээжийнхээ өврөөс гараагүй шахам нялх охиныг олдоосой, ээж, аавдаа эсэн мэнд хүрээд ирээсэй хэмээн залбирч байгаа. Гэхдээ Д.Сэржмядаг охины алга болсон энэ хэрэг монголчуудад хэд хэдэн чухал зүйлийг анхааруулахын зэрэгцээ мартаж болохгүйг хэлж байх шиг.
Түүний хамгийн түрүүнд сануулж буй зүйл бол Монголд хүүхэд хулгайлах гэмт хэрэг нэгэнт бий болсныг нийтэд тэр зарлалаа. Охиныг алга болсонтой холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд хэчнээн хүүхэд алга болж, хэд нь олдсон талаарх тоо баримтыг албаныхан ил болгож эхэлсэн. Алга болсон хүүхдүүдийн хэчнээнийг танихгүй хүн авч явж, зүй бус үйлдэл гаргасныг ч олон нийт сонсож эхлэв.
Тодруулбал, өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд 70 хүүхэд алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэний 24 нь эрэн хайх ажиллагаа эхэлснээс 3-7 хоногийн дотор олдож, 46 нь өнөөг хүртэл ор сураггүй алга болоод байна. Тэд хаачсан бэ.
Үүнээс гадна эцэг эхчүүд болон хуулийнхан бага насны хүүхэд алга болсон, олдсон, олдсон ч хэн хэрхэн хаана ямар байдалтай байлгаж байсан тухай мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлсэн нь нийт эцэг, эхчүүдэд аюулын харанга дэлдэж, "Хүүхдээ анхаар” гэсэн сэрэмжлүүлэг болж байна.
Дараагийн том сануулга бол Монголын хууль, хяналтын байгууллагынхан, мэргэшсэн тагнуул, тусгай албаныхны чадвар бодит байдал дээрээ үнэхээр муу байгааг илчлээд өглөө. Найман настай хүүхэд гэгээн цагаан өдөр гэрийнхээ үүднээс шахуу алга болчхоод байхад өнөөдрийг хүртэл нэг ч ажиг сураггүй суугаа нь Монголын хууль хяналтынхны бодит дүр төрх яах аргагүй мөн. Тэд охиныг эрэн хайж эхэлснээс хойш буюу өнөөдрийн байдлаар нийтдээ 33 хоног Замын-Үүд суманд тусгай ажиллагаа явуулж байна.
Тодруулж хэлбэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг буюу Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах албаныхан, Тагнуулын албан хаагч нар, Дорноговь аймгийн Эрүүгийн төлөөлөгч нарын бүрэн бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайж буй.
Түүнчлэн тус аймгийн цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1,200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, 118 тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаанд оролцож, Замын-Үүд сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4,947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалгасан гэж буй.
Мөн тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж, ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн гэж байгаа.
Өөр нэг сануулж буй зүйл нь Монголын төр, хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүд ямар ч тендерийг дүрэм, журмаар нь хийдэггүйг охин алга болоод байгаа үйл явдал илчилж байна. Энэ бол Монгол Улсын бүхэл бүтэн урд хилийн ганц том бүс болох Замын-Үүд суманд ажилладаг хяналтын камер байдаггүйг, камер тавьсан компани тендерийн мөнгө идсэнийг зарлаад авлаа Ганцхан Замын-Үүд суман дахь ажиллагаагүй хяналтын камер бус нийт аймаг, сумын нутагт улсын төсвөөр тавигдсан камеруудыг дахин шалгуулах, ажиллагаагүйг нь засуулах, өөртэйгөө адил бяцхан хүүхэд, багачуудыг аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлын эхлэлийг энэ үйл явдал мөн л тавилаа.
Хэрвээ тус сумын хяналтын камерууд ажилладаг байсан бол бяцхан охиныг камерын бичлэгээр шүүгээд л хэн гэгч, хаанаас хэрхэн авч явж байгааг түвэггүй илрүүлэх байлаа.
ХҮҮХЭД АЛГА БОЛСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН ДАРУЙД ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛДЭГ БОЛЪЁ
Манай хууль хяналтынхан тухайн иргэн, хүүхдийг ар гэрийнхнээс нь алга боллоо, олдохгүй байна гэх мэдээлэл, дуудлагыг цагдаагийн байгууллагад өгснөөс 72 цагийн дараагаас эрэн хайх ажиллагааг албан ёсоор эхлүүлдэг. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг, ялангуяа бага насны хүүхдийг бусдын гарт амиа алдах, тарчлан зовох, жигшим гэмт хэргийн хохирогч болох, айж ичсээр амиа хорлох хугацаа энэ 72 цагт хангалттай өрнөдег гэсэн үг. Ийм жишээ цөөнгүй.
Хамгийн сүүлийн бөгөөд харамсалтай жишээ бол өнгөрсөн наймдугаар сард нас биед хүрсэн Ж, А нарын хүчирхийлэл, доромжлолынх нь гарт хэрцгийгээр амиа алдсан 13 настай охины хэрэг. Охиныг гэрээсээ гараад ээжийнхээ ажил дээр очоогүйг мэдсэн даруйдаа аав нь Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст өргөдөл гаргаж, охиноо эрэн хайхыг хүссэн байдаг ч цагдаагийн алба хаагчид 72 цагийн дараа хайх ажиллагааг эхлүүлдэг ажлынхаа арга барилыг ягштал баримталдгаа илэрхийлсэн байдаг.
Улмаар охин тэднийг ийн ярилцаж байх хугацаанд, цагдаагийн хэлтсээс нь холгүйхэн байх зочид буудалд тамлуулж, тарчилсаар амиа алдсан юм. Түүнчлэн Замын-Үүд сумын нутгаас алга болоод байгаа Д.Сэржмядаг охиныг ч мөн цагдаагийн алба хаагчид дээрх хугацааны дараа албан ёсоор эрэн хайж эхлүүлсэн. Түүнээс өмнө ар гэрийнхэн нь, нутгийнхан нь хайж байсан билээ.
72 цаг. Энэ бол хэн нэгэн гэмт хэрэгтэн хийгээд ер нь хэнд ч юу л бол юу хийж болохоор, ялангуяа гэмт үйлдлээ нуун далдалчих хангалттай хугацаа. Иймд эрэн хайх ажиллагааг 72 цаг хүлээх биш дуудлага мэдээлэл ирсэн даруйд эхлүүлдэг болгоё, Хууль зүйн сайдаа.
Хүүхэд алга болсон гэх дуудлагын дийлэнхийг "Ах дүү, хамаатныдаа, ангийнхаа хүүхдийнд, найзындаа хүүхэд нь очсон байдаг”-аар дуусдаг тухай цагдаагийнхан хэлдэг, Эрэн хайх ажиллагааг дөнгөж эхлүүлтэл олдчихдог, сүр дуулиан болгон бүх шугам, хэсэгт мэдээлэл егтөл өвөөгийндөө сууж байдаг. Энэ нь цагдаагийнхны цаг тухайд нь эрэн хайх ажиллагааг эхлүүлэхгүй байх нэг том шалтгаан нь, Нөгөөх нь Хүүхдийг эрэн хайх ажлын хэсэг томилогдож, өөр ажил хийж явсан албан хаагч эрэн хайх багт орох, хүн хүч дутах, машин техник хэрэгслээр хайх гэх мэт зардал гардаг. Энэ мэтээр хууль хяналтынханд тоочоод байвал өчнөөн шалтгаан гаргах байх.
Гэвч тэдний эцсийн үүрэг бол ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах ажлаа л хийх шүү дээ. Цагдаа, тагнуул, тусгайгийн ажилчдын ажил үүргийг үүнтэй холбоотойгоор энд дурдах нь илүүц биз. Хамгийн чухал нь хүүхэд алга боллоо гэхэд хууль, хяналтынхан асуудалд эцэг, эхийн сэтгэлээр хандаж, эрэн хайх ажиллагааг тэр дор нь эхлүүлдэг болоход их юм шаардагдахгүйн дээр тэдний ажил үүрэг нь гэдгийг л ойлгуулах хэрэгтэй бололтой.
Гаднын дийлэнх оронд ялангуяа бага насны хүүхэд алга боллоо гэсэн дуудлага ирсэн даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлдэг. Хууль хяналтынхнаас гадна такси үйлчилгээ, гар утасны үүрэн телефон сүлжээ, зочид буудлуудтай хамтран ажиллаж, эрлээ эхлүүлдэг жишээ цөөнгүй. Тэгэхэд Монгол Улс өдгөө "Хүүхэд чинь хүрээд ирэх ч юм бил үү. 72 цаг хүлээ. 72 цагийн дараагаас ажлын хэсэг томилогдохоор бол томилогдож, эрлийг эхлүүлэхээр бол эхлүүлье” гээд сууж байж болох уу.
Б.ЭНХМАРТ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
Сэтгэгдэл байхгүй байна.