Шатахууны борлуулалтад хязгаарлалт хийгээгүй ААН-үүдээр үйлчлүүлэхийг зөвлөв
Нефть импортлогч "Магнай трейд”, "Сод Монгол”, "Тэс Петролиум” компаниуд шатахууны жижиглэнгийн борлуулалтад хязгаар тогтоосноос автомашинтай иргэд АИ-92 автобензин болон дизель түлшийг их хэмжээгээр худалдан авч нөөцлөх явдал гарч байна. Энэ нь шатахууны үнийг зохиомлоор өсгөх сөрөг талтай учир асуудалд тайвнаар хандаж, сонголтоо зөв хийхийг ШӨХТГ-аас зөвлөж байна.
Улсын хэмжээнд А-80 автобензин 61 хоногийн, АИ-92 автобензин 46 хоногийн, Дизель түлш 28 хоногийн нөөцтэй байгаа учир шатахууны жижиглэнгийн борлуулалт хязгаарлалт тогтоогоогүй аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхийг иргэдэд зөвлөж байна.
Стратегийн ач холбогдол бүхий, бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлдөг нефть бүтээгдэхүүний борлуулалтад хязгаарлалт хийсэн "Магнай трейд”, "Сод Монгол”, "Тэс Петролиум” компаниудад шалгалт хийж "хязгаарлалт” хийсэн үндэслэл, шалтгаан хуульд нийцээгүй байвал зохих хариуцлагыг тооцох юм байна.
Шинэ оны өмнө "Тэс Петролиум” компанийн ШТС-ууд АИ-92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн борлуулалтыг "30000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр хийхгүй” гэж хязгаар тогтоосон бол "Магнай трейд”, "Сод Монгол” зэрэг компаниуд 100000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр борлуулалт хийхгүй гэсэн хязгаарыг тогтоогоод байсан юм.
Г.Дугар
Сэтгэгдэл байхгүй байна.