Шингэн сүү нийлүүлдэг компани бий юү… “Сүү” компани гэхэд л 1200 тн хуурай сүү авах хүсэлт гаргажээ
Нэгэн жарныг элээж байгаа Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг "Сүү” хувьцаат компани сурагчдын "Үдийн цай” хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлийн сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх саналыг УИХ-ын даргад тавив. Ганц энэ хүсэлтээс гадна сүүнд урамшуулал олгох, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй задгай сүүний борлуулалтыг хориглохыг сануулаад амжсан.
Малчны хотноос таны гэрт уриатай "Сүү” хувьцаат компанийн сүүг үнээний цэвэр сүү гэж иргэд бид итгэдэг. Хэдийгээр Монгол Улс мал аж ахуйн орон ч орон нутагт сүү бэлтгэлийн тогтолцоо бүрдээгүй, зохистой дадал хэвшээгүй, саалтуур, хөргөх тоног төхөөрөмж дутагдалтай, орон нутагт ажиллах хүний нөөц хүрэлцээгүй, мөн сүүний боловсруулах үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөөр дутмаг гээд асуудал мундахгүй. Нийслэлийн 80 гаруй хувийг сүүгээр хангадаг гэх "Сүү” компани ердөө 2500 айлаас л сүү цуглуулдаг гэж байгаа.
Харин бид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг 220 гаруй үйлдвэр, цехийн бүтээгдэхүүнийг хойш тавьж үндэсний ууган үйлдвэрийг сонгож хэрэглэх нь дийлэнх. Харамсалтай нь "Сүү” хувьцаат компани хуурай сүүг үндсэн түүхий эдээ болгодог байна. Энэ жил гэхэд манай улс 4000 тонн хуурай сүү импортоор авсны 1200 тонныг нь тус компани авах хүсэлтээ илгээсэн байх жишээтэй. Өмнөх жилүүдэд ч тус компани импортоор орж ирсэн хуурай сүүний дийлэнх хувийг авдаг байжээ.
Улмаар өтгөрүүлэгч, бэхжүүлэгч нэмж байж бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хайрцган савлагаатай экологийн цэвэр сүү гэгчээ үйлдвэрлэдэг аж. Үнээний шингэн сүү 2-3 хоногт, дулааны цагт өдөртөө гашилж, ээддэг. Харин үйлдвэрийн сүү 7 хоноход ч гашилдаггүй. Тиймдээ ч багадаа 7-14 хоног хадгалах горимтой байдаг. Хүйтэн, хуурай, сэрүүн ямар ч нөхцөлд гашилдаггүй, хэвээрээ л байгаад байдаг нь нөгөө л бэхжүүлэгч, химийн бодис хийдэгтэй холбоотой бөгөөд хүнд хэрэгтэй амьд организм байхгүй болсныг харуулдаг. Мөн үнээний шингэн сүүний 100 гр дахь найрлагад 3.2 хувиас доошгүй тослог, 3.6 гр орчим уураг, 4,7-4,8 гр нүүрс ус, 64-69 ккал илчлэг, 100-125 мг кальци байдаг аж. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэдэг сүүний шошгон дээр 3,2-3,5 хувийн тослогтой гэж дуриаж байдаг билээ.
Үндэсний ууган үйлдвэр болох "Сүү” хувьцаат компанийг хувьцааны хяналтын багц буюу 51 хувийг "Макс” групп 2006 онд худалдан авч, шинэчлэл хийсэн. Улмаар хүчин чадал нь нэмэгдэж, сүүн бүтээгдэхүүнийх нь төрөл ч нэмэгдсэн тухай рекламддаг. Гэвч өдөр тутамдаа шинэчлэгдэхээ больж, бүтээгдэхүүнийх нь үнэ өссөн гээд сөрөг үр дагаврыг нь нэрлэвэл бас л чамлахааргүй.
Уламжлалт аргаар бүрсэн элгэн тараг нь хүртэл хоног өнгөрөх тусам ээдэх битгий хэл өтгөрч, жонхуурна. Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Сүү” компанийн нэрийн барааны дэлгүүр нь "Макс” супермаркет дотор байрладаг. Ажлын өдрүүдэд өглөө 09-12 цагийн хооронд ажиллаад хаалгаа барина. Хэрэв үйлдвэрийн үнээр нь, дээр нь тухайн өдөр үйлдвэрлэгдсэн шинэхэн бүтээгдэхүүн авья гэвэл энэ хугацаанд л амжиж очих шаардлагатай. Эс бөгөөс дор хаяж 4-5 хоносон, зарим тохиолдолд 10 хоносон бүтээгдэхүүнийг "Макс”-ийн лангуун дээрээс өртөг шингэсэн үнээр нь худалдан авахаас өөр аргагүй.
Жишээ нь, "Амтлаг” тараг. Сүүний үйлдвэрийнхээ дэргэд байгаа Макс худалдааны төвийн лангуун дээрх тараг нь л гэхэд хадгалалтын 10 хоногоо дуусгахаас нааш огтхон ч шинэчлэгддэггүй. Зарим тохиолдолд лангуун дээрээ "харлах” шахна. Сүү, сүүн бүтээгдэхүүний гол хэрэглэгчид нь хүүхэд, бага насныхан. Тиймдээ ч хэрэглэгчид огноог нь харж аль болох тухайн өдрийн бүтээгдэхүүн авахыг эрмэлзэнэ. Худалдагчдад бүтээгдэхүүнээ шинэчилж, буцаалт хийх шаардлага тавьбал "Хугацаа нь дуусах болоогүй. Хадгалалтын горим нь урт тул тэр болтол солих шаардлагагүй” хэмээн хээвнэг хариулна. Уг нь ганц үйлдвэрийнхээ хашаан доторх дэлгүүрийнхээ нэрийг барааг ядаж өдөрт нь шинэчлээд байх сэтгэлгүй "Макс”-ийн удирдлагууд хүүхдийн Үдийн цай хөтөлбөрт сүү нийлүүлэгчээр орж ирэх нь аюул биш үү. Хэрэглэгчийн нүдэнд ил байгаа лангуун дээрх бүтээгдэхүүн нь сарын талыг илээж байхад шинэчилдэггүй атлаа хүүхдүүдэд шинэхэн бүтээгдэхүүн өгч чадна гэдэгт хэрхэн итгэх вэ.
Хүний биед шаардлагатай 600 гаруй амин дэмээс ихэнхийг нь сүүнээс нөхөж авах бололцоотой. Гэхдээ үнээний цэвэр шингэн сүүнээс шүү дээ. Түүнээс хуурай сүүний орц найрлагатай органик гэх хуурамч бүтээгдэхүүнээс биш. Монгол хүн өдөрт 0,5 литр сүү хэрэглэх ёстой бөгөөд жилд 138 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэсэн тоо байдаг ч хүн бүр тэгж чаддаггүй нь үнэн. Судалгаагаар 2000 оноос хойш төрсөн хүүхдийн өсөлт бага, цус багадалттай, сульдаатай, яс, шүдний эмгэгтэй болсон нь тогтоогдсон байдаг. Улмаар ясны сийрэгжилт гэх чимээгүй тахал нь кальцийн дутагдлаас болдог бөгөөд кальци их хэмжээгээр агуулагдаж байдаг сүүг байнга хэрэглэвэл уг өвчнөөс сэргийлэх боломжтой төдийгүй өвчлөлийн явцыг удаашруулдаг гэнэ. Сүүний хэрэглээ багассанаас гадна элдэв хольц найрлагатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс болж өвчлөл бий болж байгааг ч мэргэжлийн хүмүүс анхааруулсаар ирснийг дурьдах нь зүйтэй.
/Нийгмийн шуудан сонин-эх сурвалж/
Сэтгэгдэл байхгүй байна.