“Тэсо” компани түмний ходоод, төрийн хөрөнгөөр тоглоод байна уу
Бондын хөрөнгө хэрхэн зарцуулагдсаныг нуух шалтгаан томоохон намуудын аль алинд нь байгаа бололтой. Харин ард түмэн тэр их мөнгийг хэн хэнд хэрхэн хуваарилсныг маш их сонирхож байна. Тэгвэл энэ удаад бид бондын мөнгөнөөс зээл авсан нэгэн жишээг гарган тавьж байна. "Тэсо” компанийг бид сайн мэднэ. Тус компани хуурай сүүний үйлдвэр байгуулна гээд Чингис бондын хөрөнгөөс 7.0 тэрбум төгрөг авчээ. Энэ нь бондын хөрөнгөөс хамгийн их мөнгө авсан 100 компанийн нэг гэсэн үг юм. Тухайн үед "Тэсо” компаниас гадна Улаанбаатар, Дархан хотод хоногт 30 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий хуурай сүүний үйлдвэр байгуулах хоёр төсөл өрсөлдсөн боловч барьцаа хөрөнгөгүй гэсэн шалтгаанаар зээл олгоогүй байна.
Ингээд "Тэсо” компани зээлээ ч авч, 2014 оны аравдугаар сарын 29-нд "Милко” хуурай сүүний үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Нээлтэд нь тэр үед ҮХАА-н сайд байсан Ш.Түвдэндорж очиж амжилт хүсч, магтаалын үгийг харамгүй хэлж байсан тухай мэдээллүүд архивт үлджээ. "Тэсо”-гийнхон "..Манай хуурай сүүний үйлдвэр бол Монголын хамгийн том үйлдвэр болж байгаа. Энэ үйлдвэр нь БНХАУ, Англи, ХБНГУ-ын орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Хоногт 100 тонн шингэн сүүг боловсруулан 11 тонн, нэг цагт 500 кг хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай. Хамгийн гол нь импортын хуурай сүүг үгүй хийнэ” гэсэн сайхан үгээр үйлдвэрээ нээж байжээ. Бондоос мөнгө авахдаа ч төсөлдөө ингэж бичжээ. Мөн өнгөрсөн онд "Чингис бондын санхүүжилтээр байгуулсан хуурай сүүний үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлжээ” гэсэн мэдээллийг хэвлэлүүдээр тараасан байдаг. Уг мэдээлэлд "…Тэсо корпорацийн Милко салбар компанийн "Golden Milk” хуурай сүүг өнгөрсөн сараас Казакстан улсын зах зээлд нийлүүлж эхлээд байгаа юм байна. Хуурай сүүг цаашдаа ОХУ, Кыргыз, БНХАУ-д ч гаргахаар ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар хуурай сүүг сонирхож, импортлох сонирхлоо илэрхийлсэн дээрх улсуудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг хийж байгаа мэдээллийг "Тэсо” корпорациас өгч байна” гэжээ. Мөн "Милко” сүүний үйлдвэрийн захирал Э.Эрдэнэбилэг ярихдаа"… Golden milk, Зөв аарцны ундаа, 100 жүүс маань ОХУ-ын ХААЯ-ны сайдын шилдэг бүтээгдэхүүн шагналыг авсан байгаа. Одоогоор эхний ээлжинд 30 гаруй мянган ширхэг "Golden milk” хуурай сүүгээ Казахстан улс руу экспортолсон. Манай компанийн Казахстан улс дахь албан ёсны төлөөлөгчөөр Nestle брэндийн салбар үйлдвэр "Shinline” ажиллаж байгаа. …Ерөнхийдөө хуурай сүүний маань үндсэн түүхий эдэд малын сүү ордог. Тийм ч болохоор бидний үйлдвэрлэсэн хуурай сүү органик бүтээгдэхүүн гэдгээрээ олон улсын зах зээлд үнэлэгдээд байгаа” гэв.
Түүнчлэн өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамаарах зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний танилцуулга гарчээ. Түүнд "Тэсо” компани хуурай сүүний импортыг 20 хувиар бууруулсан байна гэж дүгнүүлж чаджээ. Уг танилцуулгыг бэлдсэн эрхмүүд Гаалийн статистик мэдээг үндэслэл болгосон байна. Өөрөөр хэлбэл, 2013 онд 3959.2 тонн, 2014 онд 4104.7 тонн, 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар 3137.1 тонн хуурай сүү импортолсон байна. Дээрх хуурай сүүний үйлдвэр ажиллаж эхэлснээр 2015 онд импортолсон хуурай сүүний хэмжээ өмнөх оныхоос 23.5 хувиар, 2013 оныхоос 20.8 хувиар тус тус буурсан байна гэсэн байгаа юм.
Тэгвэл баахан улсад хуурай сүү экспортлоод л, импортын сүүг 20 хувиар буулгаад байна гэж мэдээ тайланд бичүүлээд байсан "Тэсо” компани жил бүр мянга мянган тонн хуурай сүүг гадаадаас импортолдог юм байна. Хамгийн сүүлд, энэ жил л гэхэд 1000 тонн хуурай сүү импортлох зөвшөөрлийг ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын А-141 тоот тушаалаар авсан байх юм. Тэгээд ч 2016 онд 4476 тонн хуурай сүү импортоор орж ирснийг албаны мэдээлэлд бичсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хуурай сүүний импорт буураагүй, харин өссөн гэсэн үг.
Үүний ард нэг бус хэд хэдэн асуулт гарч ирнэ. Чингис бондын хөрөнгөөс 7.0 тэрбум төгрөг авч барьсан хуурай сүүний үйлдвэр үнэхээр ажиллаж байгаа юу. Аль эсвэл тэр мөнгөөр нэг сайхан том үйлдвэрийн барилга барьж аваад хадгалчихав уу. Хуурай сүүний үйлдвэр гэсэн хаягийг бол дор нь сольчихож болно.
Монголын хамгийн том хуурай сүүний үйлдвэрийг байгуулсан "Тэсо” компани яахаараа мянга мянган тонноор нь хуурай сүү импортлох болов. Импортолсон сүүгээр юу хийдэг вэ гэж асуух хэрэгтэй болж байгаа юм.
Нэмж хэлэхэд, Монголд орж ирж байгаа хуурай сүүний 95 хувийг Шинэ Зеландаас, үлдсэнийг нь Нидерланд, ОХУ, Хятадаас оруулж ирсэн гэж мэдээлдэг байна. Гэтэл сүүний үйлдвэрүүдэд урд хөршөөс оруулж ирсэн хуурай сүүний нөөц их байгааг Сүүний холбооныхон өнгөрсөн онд мэдээлж, холбогдох байгууллагаар шалгуулсан. Тэд гаднаас сүү оруулж ирэхийг зогсоох талаар саналынхаа хариуг Засгийн газраас шаардаж байв.
Хуулийн байгууллага, хариуцсан албаны хүмүүс үүнд анхаарал хандуулах үүрэгтэй. Учир нь сүү бол Монголын хүнсний стратегийн дөрвөн бүтээгдэхүүний нэг. Тийм болохоор сүүний бизнесийг эх орончоор хийх ёстой. Элдэв хулхидалт, их хэмжээний ашгийн төлөөх шуналаа татах ёстой гэсэн үг.
Ер нь "Тэсо” компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй холбоотой хэрүүл зарга, гомдол чирэгдэл байнга шахам гардаг. Заримаас нь дурдвал:
2013 оны сүүлчээр МХЕГ-аас зарим сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт шалгалт хийжээ. Тус шалгалтын явцад "ТЭСО” ХХК-ийн "Айсмарк” зайрмагны үйлдвэрийн түүхий бүтээгдэхүүн зөөвөрлөх савны угаалга цэвэрлэгээ хангалтгүй, үйлдвэрлэлийн шугам, тоног төхөөрөмж, ажиллагсдын ажлын хувцас, гараас авсан арчдасны шинжилгээний 3.5 хувьд нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн, угаалга цэвэрлэгээ хангалтгүй, ажлын байранд гар угаах дадал хэвшээгүй байсан. Энэ нь Хүнсний тухай хуулийн 12.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тэр үед мэдээлж л байсан. Одоогоос яг жилийн өмнө "Тэсо” компанийн "Милко” сүүний талаар таагүй мэдээлэл гарч олныг бухимдуулсан. Тодруулбал, цахим сүлжээний нэгэн хэрэглэгч тус компанийн "Милко” сүүгээр цай сүлсэн байдаг. Гэтэл хэдхэн цагийн дараа сүүтэй цай гашилж сүү нь бөөгнөрч уснаасаа ялгарч эхэлсэн байна. Энэ тухай "Тэсо” компанид хандахад "Та цайгаа чанахдаа технологийн алдаа гаргасан байна” гэсэн хариултыг өгчээ. Дараа нь дээжийг нь шинжилгээнд өгнө гэж хэлээд сураггүй болсон гэдэг.
Мөн энэ оны дундуур "Тэсо” компанийн үйлдвэрлэдэг гэх "Сакура”, "Слава” будаатай холбоотой хэрэглэгчдийн гомдол санал олноор гарах болсон. "Тэсо”-гийн оруулж ирдэг будаан дотор шавьж байгаа бичлэгийг нэгэн хэрэглэгч цахим сүлжээнд тавьсан байсан. Будааны уутыг задлаагүй, дотор нь амьд шавьж байгаа нь харагдаж байсныг санаж байна. Дараахан нь НМХГ-аас шалгахад "Слава” будааны хугацаа дууссан байжээ. Хугацаа нь дууссан будааг "Боса”, "Сансар” худалдааны төвүүд худалдаалж байсан нь шалгалтаар илэрсэн байна. Ингэж цахим ертөнцөд дуулиан тарьж, иргэдийн гомдлыг төрүүлээд байсан нь үнэн болохыг баталсан юм.
Мөн "Тэсо” компани импортын будааныхаа үйлдвэрлэсэн, савласан он сар, хугацааг нь зөрүүлж тавьдаг нь дээрх шалгалтаар илэрчээ. Иймээс улсын байцаагч нар хадгалалтын хугацаа нь дууссан цагаан будааг устгаж, компанид мөнгөн торгууль тавьжээ.
Энэ мэтчилэн дурдаад байвал жишээ олон бий. Үнэн хэрэгтээ энэ бол жинхэнэ аюул. Дэлхий нийтээр эрүүл хүнсийг хэрэглэж, хор болох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хязгаарлаж байхад Монголд иймэрхүү мэдээлэл өдөр тутмын шахам байдаг л нэг үйл явдал байсаар байгаа нь харамсалтай. Томоор хэлэхэд, түмний ходоодоор тоглодог гэх дээрх мэдээлэл үнэн байвал Үндэсний аюулгүй байдалд халдсан явдал гэж болно. Дээрээс нь 7.0 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Чингис бондоос ийм хэмжээний мөнгө авчихаад хуурай сүүний үйлдвэр байгуулан, импортыг нь нам зогсоосон мэтээр тайлан мэдээнд дурдуулсан нь эргэлзээтэй, бодит байдлаас зөрүүтэй байгаа юм. Энэ бүгдээс "Тэсо” компанийн бүтээгдэхүүнд итгэж болох уу. Энэ компани түмний ходоод, төрийн хөрөнгөөр тоглоод байна уу гэсэн хардлага төрж байна.
Эх сурвалж:Зууны мэдээ сонин