Ш.Батхүүгийн бас нэгэн балаг буюу Улаанбаатар төмөр замыг барьцаалсан нь
Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан "Жаст”-ын Ш.Батхүү Улаанбаатар төмөр замыг барьцаалан мөн л Стандарт банкнаас 2009 онд зээл авчээ. Үүнээс харвал, төрийн өмчит томоохон үйлдвэрүүдээс "Жаст”-ын барьцаанд тавигдаагүй нь аль нь вэ гэж асуух нь зүйтэй бололтой.
"Жаст" компани ОХУ-ын Роснефть компаниас шатахуун авах гэрээ байгуулахын тулд Улаанбаатар төмөр замыг барьцаалж Стандарт банкнаас зээл авчээ. Ингэхдээ, "Жаст” группийн Стандарт банкнаас авсан зээлийг эргэн төлж чадахгүй бол Улаанбаатар төмөр зам хариуцна гэсэн гэрээнд "УБТЗ”-ыг төлөөлж В.Отгондэмбэрэл дарга 2009 онд гарын үсэг зуржээ. Гэрээ нэг жилийн хугацаатай байсан бөгөөд В.Отгондэмбэрэл, түүний дараа Т.Очирхүү нар гэрээг сунгаж ирсэн байна.
Уг зээлийн асуудал Английн арбитрийн шүүхэд очсон ч монголын шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой гэж үзсэн тул манай улсад шилжиж ирсэн байна. "Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар тусгаарлагдан ирсэн УБЗТ-тай холбоотой хэргийг одоо Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна.
"Жаст”-ын Ш.Батхүү УБТЗ-аар батлан даалгаж Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас 36 сая ам.долларын зээл авсан гэх асуудал 2013 онд Эрдэнэтийн асуудалтай зэрэгцэн олон нийтэд ил болж байжээ.
Английн арбитрын шүүхээс ил болгосноор "Жаст” групп "Эрдэнэт”, УБТЗ-ыг барьцаалан Стандарт банкнаас 2009-2011 онуудад 109 сая ам.долларын зээл авсан байдаг. Үүний 36 сая ам доллар нь төмөр замыг барьцаалан авсан болж таарсныг ийнхүү хуулийн хэллэгээр тусгаарласан аж.
Одоогоос хоёр жилийн өмнө УБТЗ-ыг барьцаалсан өрийн асуудлаар Арбитрийн шүүхээс манай улсын Засгийн газар болон УБТЗ-ын удирдлагуудад албан тоот бичиг явуулж өр төлбөрөө яаралтай барагдуулахыг нэхсэн байна.
УБТЗ-ын удирдлагаар ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг уг хэрэгт холбогдуулж Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлсийн ажилтнууд шалгаж байгаа юм.
Ийнхүү Улаанбаатар төмөр замыг Стандарт банкинд барьцаалсан хэрэг шалгагдан хэрвээ төрийн өмчит компани шүүхэд "унах” юм бол "Эрдэнэт” үйлдвэрийн төлбөрөөс гадуур 36 сая ам долларын өрөнд орох нөхцөл үүсээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна.