С.БАЯР БА УРАН
Мал нь үхэж, малчид төв бараадан нүүсэн эзгүй нутагт уран олборлогчид шар нунтаг боловсруулах үйлдвэрээ бариад
эхэлжээ. Мал олноор үхлээ, сүх барьсан хүмүүс "өвчтэй малыг устгана” гээд цохиж алаад явлаа, гадаа байсан үхрийг минь буудчихлаа, юу болоод байгааг цагдаа, тагнуулынхан шалгаач гэж малчид өчнөөн мэдэгдсэн. Эцэст нь өрнөсөн үйл явдал энэ. Энэ хавар Монголд ураны лицензтэй харийн эзэд өмнөхөөсөө идэвхтэй, бүр хэд дахин илүү хүчээр ажиллах газрын зураг гарчээ.
Дорноговийн Улаанбадрах суманд барьж буй боловсруулах үйлдвэрийг дагаад Дорнод, Сүхбаатар, Дундговь аймгийн нутаг дахь ураны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах эздийн төлөвлөгөө ийнхүү идэвхижжээ. Монгол Улсын хэмжээнд ураны 42 лиценз бий. Заримынх нь хугацаа дууссан ч сунгасан эсэх нь тодорхойгүй. Улсын нууц гээд мэдээлдэггүй. Нууцалж байгаад нэг мэдэхэд хугацааг нь сунгачихсан байдаг. Гэхдээ эдгээр лицензийн ихэнх нь 2035-2046 он хүртэл урт хугацаанд ашиглахаар авчихсан байдаг. Үүнд, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгийн нутагт олгосон ураны лицензүүд хамаарч байгаа юм. Ураны лицензийг Монголд ийнхүү өргөжүүлсэн гол хүн бол С.Баярыг гэх яриа гарч хэвлэлээр бичээд удаж байна. Ямар сайндаа түүнийг "Монголыг цөмийн оршуулгын газар болгох нь” гэж бичиж байх вэ.
Тэр 2007 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд, намын даргын эрхийг давхар атгангуутаа ураны салбар руу гүнзгий орж явчихсан. Хийсэн айлчлал, уулзалт, байгуулсан гэрээ хэлцэл, гаргасан тогтоолууд нь ч ийм гээд л бичдэг юм. Мөн Канадын "Хан Ресурс” компанийн ураны лицензийг оросуудад шилжүүлж, хариуд нь Монгол Улс Олон улсын Арбитрийн шүүх дээр торгууль хүлээж, 70 сая ам.доллар төлөх өрөнд хүртэл орсон гэдэг. Энэ мөнгө ард түмний төлсөн татвар дээр л ачаа болж буусан. Харин С.Баяр энэ мэт ажлынхаа шанд юм уу, эсвэл Орос-Монголын хооронд нааш, цааш цөөнгүй явж, ураны асуудлаар хамтын ажиллагаа эхлүүлсний дүнд үү, ямартай ч ОХУ-аас 300 сая ам.доллар зээлсэн нь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй үлдсэн гэгддэг. Юутай ч улс орныг өрөнд оруулсан түүнд хэн ч хариуцлага тооцоогүй юм.
Ер нь бол манай улс ураны лицензийг ойр байгаа хоёр хөршдөө бус гуравдагч оронд олгох нь зүйтэй гэсэн байр суурийг нэлээд удаан хадгалж ирсэн байдаг. Үе үеийн Ерөнхийлөгч энэ уламжлалыг дагасан. Харин С.Баяр 2008 оны хавар дөрөвдүгээр сард ОХУ-д айлчлахдаа уран олборлоход хамтран ажиллах гэрээг зурж, эргэж ирээд Цөмийн энергийн газрыг байгуулж даргаар нь С.Энхбатыг томилсон юм. Үүнээс сарын дараа Дорнод аймгийн нутаг дахь Мардайгаар дамжин ОХУ руу сэм гарч, 700 метрийн гүнд олборлолт явуулдаг ОХУ-ын хамгийн том уран олборлогч Краснокаменск орчмын Приаргуны үйлдвэрийг маш нууц байдалд очиж үзэх зэргээр бужигнуулсан гэх мэдээлэл дуулдаж, хэвлэлээр бичигдсэн. Ингэхдээ ОХУ-ын "РосАтом”-ын захирал C.Кириенкотой Иркутскт уулзаж, 2009 онд Орос-Монголын хамтарсан уран олборлох, боловсруулах үйлдвэр байгуулахаар тохиролцсоны дагуу Монголд "МонАтом” ТӨК-ийг байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдинг томилсон. Урантай холбоотой бодлогын бүх баримт, бичгүүдийг С.Баяр өөрийн зөвлөх Б.Долгороор гүйцэтгүүлж, тухайн үеийн УИХ "ногоон гэрэл”-ээр баталж байсан тухай ч учир мэдэх хүмүүсийн ярианд дурдагддаг. Харин Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсны дараа түүнийг тойрсон ураны сэдэв дотор "Уран ярих гэж байгаа бол С.Баяр, Р.Бадамдамдин, бас өөр нэг эрхэм гуравтай уулз” гэсэн гэх "бор шувуу” нисч байв. Үнэн эсэхийг бүү мэд.
Тэгвэл Цөмийн энергийн газар, "МонАтом” ТӨК-ийг байгуулагдахаас өмнө, хөрс суурь нь болсон нэгэн ТББ-ын тухай мэдээлэл бас дуулддаг юм. Тэр нь 2007 онд байгуулагдсан "МОН-АМЕ” шинжлэх ухааны судалгааны төв. Түүнийг үүсгэн байгуулагч нь одоогийн УИХ-ын гишүүн А.Ундраа, түүний нөхөр Д.Дашдорж нарыг гэлцдэг. Энэ байгууллагын талаар олон нийт төдийлэн сайн мэдэхгүй. МОН-АМЕ төвөөс зохион байгуулдаг олон улсын сургалт семинарыг ивээн тэтгэж санхүүжүүлдэг компаниудын дотор Францын Арева / Монголд 28 лицензтэй/, Канадын Камеко /Монголд зургаан лицензтэй/, АНУ-ын "Деннисон Майнз” /Монголд зургаан лицензтэй/ компаниуд, Удирдах зөвлөлийн гишүүдэд нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ гишүүн С.Оюун, УИХ гишүүн асан "МонАтом” ТӨХ-ийн анхны захирал Р.Бадамдамдин нарын нэр дуулддаг. Мөн МАН-ын томчууд, бизнесийнхэн ч байдгийг ЦЭГ-ын нөлөө бүхий албан тушаалтан хэлж байсан удаатай. Өнөөдөр малаа барсан малчид төв суурин бараадаж, харин нутагт нь ураны хайгуул, олборлолт хийх, боловсруулах үйлдвэр барих ажил өрнөж байна. Улсын хэмжээнд ураны лицензтэй бүх нутаг малтайгаа, хүнтэйгээ сүйрч, хэлье гээд ч төр нь сонсохгүй, хамгаалуулъя гэж хандсан ч хууль, хяналтынхан нь тоохгүй яг л Дорноговийн Улаанбадрахын ард түмний туулж буй гашуун зам мөрийг давтахад хүрээд байгаа ажээ.
Зууны мэдээ
Ч.Зотол
Сэтгэгдэл байхгүй байна.