АНУ хоригоо үргэлжлүүлбэл Ормузын хоолойг хаана гэж Иран мэдэгдэв
Хэрвээ Ираны эсрэг хориг тавих бодлогоо АНУ үргэлжлүүлэх аваас Ираны зэвсэгт хүчний "Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус” нь газрын тос тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг хаана. Энэ тухай "Саралла” цэргийн баазын командлагч Исмаил Коусари мэдэгджээ.
Үүнээс өмнөхөн Газрын тос экспортогч улсуудын байгууллага буюу ОПЕК дахь Ираны төлөөлөгч Хусейн Каземпур Ардебили мэдэгдэхдээ "Ираны газрын тосны экспортод тавьсан АНУ-ын хориг нь Америкт өөрт нь уршиг тарина, Ерөнхийлөгч Д.Трампын буруу бодлогын төлөөсийг Америкийн иргэд үүрнэ” гэсэн юм.
Энэ сарын 2-ны өдөр АНУ-ын Төрийн Департаментын Улс төрийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Брайан Хук хэлэхдээ "11 дүгээр сарын 4-нд эрчим хүчний хориг арга хэмжээг сэргээснээр газрын тосноос олдог Ираны орлогыг "тэг” болгоно” гэжээ.
Сануулан дурдахад, Ирантай байгуулсан цөмийн гэрээг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс АНУ гарч байгааг Ерөнхийлөгч Д.Трамп 5 дугаар сарын 8-нд мэдэгдсэн билээ. Тэрбээр 90-180 хоногийн дотор Ираны эсрэг хуучин хоригуудыг сэргээх төдийгүй шинээр хориг хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн юм.