Ван Гогийн сүүлчийн зураг
Ван Гог хэдэн мянган зураг зурсан ч хоёр зуугаад нь үлджээ. Хэн ч худалдаж авдаггүй учраас зургаа найз нөхөд, таарсан хүмүүстээ бэлгэлдэг байв. Хүмүүс түүний зурсан зургыг зочдын өрөөндөө өлгөхөөс ичиж зовдог байлаа. Тийм этгээд зураг тавибал бусдын нүдэнд солиотой харагдах вий гээд. Ван Гогийн сэтгэлийг бодож л бэлгэлсэн зургийг нь хүлээн авдаг байж. Авсан хойноо арандаг аятай подвал руугаа шидэж орхино. Тийм байдлаар олон зураг нь үрэгджээ. Өнөө үед Ван Гогийн зураг бүхэн сая доллараар үнэлэгдэж байна. Зуухан жилийн дотор юу болоо вэ?
Гучин хоёртой байхад нь Ван Гогийг сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлжээ. Уул нь тэр бусдад гай хор болоогүй. Зургаасаа болж сэтгэцийн өвчтөн гэж оношлогдсон хэрэг. Жишээ нь, оддыг тэр мушгирсан байдлаар зурдаг байсан. "Од ийм биш шүү дээ” гэж хүмүүсийг хэлэхэд "Би ч бас оддыг мушгиа бишээр хардаг. Гэхдээ яг зураад эхлэх үед дотроос минь нэг дуу хоолой маш чангаар хэлдэг: Од угтаа ийм шүү дээ гэж. Дэндүү хол учраас тэдний жинхэнэ дүрийг усан нүд минь харж чадах уу? Миний хувьд тэр дуу хоолойг дагахаас аргагүй” гэсэн. Орчин үеийн физикчид оддын эрчлээг нээжээ. Галзуу солиотой гэж ад үзэгдэж байсан Ван Гогийг ододтой харилцдаг зураач байсныг хүмүүс хожим ойлгосон юм.
Гучин гурван насандаа тэр амиа егүүтгэжээ. Сэтгэцийн эмнэлэгээс гараад ганцхан зураг зурсан. Тэрээр нарыг зурах гэж бүтэн жилээ зориулжээ. Өглөө ургахаас орой шингэх хүртэл нь нар руу харж, өнгө гэрэл бүрийг сэрж мэдэрч. Үүнээсээ болж хараагаа алдсан юм. Түүнд сайн санасан нэг хүн "Та арай дэндүү юм аа. Ив ижил нарыг нэг л өдөр тольдоод болох биш үү?” гэхэд нь Ван Гог ийн хариулжээ: "Би ижил нар ургаж, жаргахыг харж байгаагүй. Хэзээд дахин давтагдашгүй байдаг. Тэр бүх нарны цадигийг би нэг зурагт багтаах гэсэн юм”
Бүтэн жилийн турш нарыг ажсан зураач харах мэлмийгээ алдсан ч санасандаа хүрчээ. Мөрөөдөл болсон зургаа зурчихаад, Тео дүүдээ бяцхан зурвас бичсэн нь:
"Би цөхрөл, гутралаас болж амиа хорлоогүй. Бүх дэлхий доог тохуу хийвч хувь зохиолоо гүйцээсэн азтай хүн, би. Нарны цадигийг ганц зурагт багтааж зурах миний сүүлчийн хүсэл байсан. Өнөөдөр гүйцлээ. Үгээр хэлшгүй ханамж төрлөө. Би амьсгалахын тулд биш, зурахын тулд амьдарч байсан. Одоо боллоо” гэжээ.
Тэгээд Ван Гог өөрийгөө буудсан юм. Тийм гүн ханамж, төгс тавиралыг амссанаас хойш үхлийг хүлээн сажилж явах хэрэг юу сан ...
Тэр солиотой хүн биш, ердийн молхи сэтгэхүйн хязгаараас хальсан нэгэн. Та нарт ч бас хувь зохиолоо гүйцээх боломж бий. Бясалга, сэрж мэдэр, тэгээд уран бүтээлээ туурви. Яруу найраг, уран зураг, айзам бүжиг, аялгуу дуундаа уус. Тэр чиний зүрхний лугшилт, амьсгалын хэмнэл болог. Жинхэнэ егүзэр хүн уран бүтээлч байдаг. Ирээдүй бүтээлч хүмүүст л хамаатай.
Агнистын гэгээ
Орчуулсан П. Бадрал