Төрийн өндөрлөгүүдийн “ЗОДООН”
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод дахин албан бичиг илгээлээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах хуралдуулах зайлшгүй шаардлага байгааг дурдсан эхний албан бичгээс хойш долоо хоногийн дараа илгээсэн бичиг өчигдөр УИХ-ын даргын гарт очжээ. Тус бичигт ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хугацааг тохиролцох саналыг гаргасан байна. Ерөнхийлөгчийн албан бичигт "Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон ийм тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин, биелүүлж ажиллах шаардлагатай байна”хэмээн спикерт гарцаагүй байдлыг нь дахин санууллаа.
Хэлэлцэх асуудал нь тодорхой, УИХ-ын 25 гишүүн шаардсан, Ерөнхийлөгч удаа дараа санал гаргасан зэргээс үүдэн ээлжит бус чуулганыг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэв.
Харин УИХ-ын дарга М.Энхболд хугацаа хожихыг хүссэн бололтой. Тэрбээр Ерөнхийлөгчид "…ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн…” хэмээн хариу албан бичиг илгээсэн аж. Харин энэ хариу нь хуулийн үндэслэлгүй болохыг Ерөнхийлөгч тодорхойлж, ээлжит бус чуулганы хугацааны талаар өөрийн саналаа тов тодорхой илэрхийллээ. Хоёр удаагийн албан бичигт УИХ-ын дарга ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин Хэдэн жилийн өмнө Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёр нийлээд Н.Алтанхуягыг боорлож билээ. АТГ үүнд нь их үйлчилсэн. Хожим нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёр нийлээд З.Энхболдтой уралцсан. Одоо У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр М.Энхболдтойгоо нүдэлдэж байна... Хүн нь хэн байх сонин биш, эдгээр эрх мэдэл ажил хийх бус амьд үлдэх гэсэн авилгач, хулгайчдын оргонох оромж, бусдыг дээрэмдэх зэвсэг хэрэгсэл төдий болж. Болж гэж дээ байсаар ирлээ...” хэмээн өнөөдөр өрнөж буй үйл явдлын талаар үзэл бодлоо илэрхийлжээ. Түүний хэлснээр У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр М.Энхболдтойгоо нүдэлдэж байгаа нь олны нүдэнд ил асуудал. Харин ямар эрх ашиг нуугдаж байгаа нь сонин. Зөвхөн АТГ-ын даргын суудлыг авахын төлөө ингэж уралцаж байна уу эсвэл...?
АТГ-аас Ерөнхий сайдын туслахаар ажиллаж байсан, МИАТ компанийн Захиргаа хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатарыг авлигын хэргээр баривчилснаа дуулгасан. Ямар ч улс төрийн зорилгогүй гэж тайлбарласан энэ баривчилгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг оролдож эхэллээ гэх хардлагыг олон нийтэд төрүүлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АТГ-ын дарга Х.Энхжаргалыг дуудаж "хангалтгүй ажиллаж байгаа учраас ажлаа өг” гэсэн шахалт үзүүлсэн гэх шуум бий. Үүний хариуд ойрын хүнийг нь баривчилж, одоогоор өөрт нь хүч байгааг харуулахыг хүссэн байхыг үгүйсгэмгүй.
Ямартай ч төрийн гурван өндөрлөгийн "зодоон” олны өмнө ил болж, хэн ялахаа үзэхээр шийдсэн нь илт. Ерөнхийлөгч Х.Баттулга албан бичгээр удаа дараа шахалт үзүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх аман хэлбэрээр далдуур нүдэлцэж байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд гүрийсэн, цаг хожсон байдалтай буй. Магад ямар нэг тохироо хийхээр ярилцаж байж ч болох.
Бороотой, сэрүүн зуны халуун сэдэв нь АТГ-ын даргын суудал боллоо. Харин энэ сэдвийг сонирхолтой болгож буй өнцөг нь төрийн өндөрлөгүүдийн "зодоон”. Хэн ялах бол?!
Б.Учрал
http://www.shuud.mn/a/499263
Сэтгэгдэл байхгүй байна.