МАНАН-гийн хоёр толгойны нэгийг цавчиж чадах уу?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид "60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. М.Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз. Намынхандаа хандаж Онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ” хэмээн Удирдах зөвлөлийнхөө хурал дээр мэдэгдэл хийж, М.Энхболд, Х.Энхжаргал гэдэг хоёр том дайсантай болоод байгаа.
Төрийн албыг худалдах тухай 60 тэрбумын хэргийг шалгаж чадахгүй гацаанд оруулчихаад байгаа АТГ-ын дарга Х.Энхжаргал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулъя гэснийх нь төлөө түүнийг буруутган байцаалт авч, бүр хариуцлага тооцуулахын тулд УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороонд албан бичиг хүртэл шидээд байгаа. Гэвч Л.Оюун-Эрдэнийн санаачилгыг дэмжиж УИХ-ын 25 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагад гарын үсэг зурж орхив. Гэвч Х.Энхжаргалын хилэн үүгээр намжсангүй. МАН-ын Бага хурлын босгон дээр 7 жилийн өмнө У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан Н.Энхбаатарт АТГ-аас авлигын хэрэг үүсгэн баривчилж сенсаци үүсгээд байна. Ирэх долоо хоногийн сүүлээр хуралдах намын бага хурлаар М.Энхболд болон түүний нөхдийн 60 тэрбумын хэрэг, албан тушаалтнуудын сахилга хариуцлагын асуудал яригдана. Тиймээс гишүүдийн анхаарлыг татах, асуудлыг өөр өнцөг рүү эргүүлэхийн тулд М.Энхболд, Х.Энхжаргал хоёр жүжиг дэглэж байна гэсэн яриа МАН-ын дотоодод ч, олон нийтийн дунд ч гараад байна. Нэгэнт дэглэсэн жүжиг нь ил болчихоод байхад энэ хүмүүс хэзээ ч өөрөө мөрдөж байгаагүй хуурай хууль, хэзээ ч өөрт нь байгаагүй, байхгүй ёс зүй ярих нь хачирхалтай.
Хамгийн гол нь 60 тэрбумын хэргийг шийдвэрлэх, түүнд холбогдсон нөхдөд хариуцлага тооцох нь Монголын нийгэмд шударга ёс тогтоох эхний босго болчихоод байна гэдгийг ойлгохгүй байгаа нь үнэхээр гайхалтай. Тэд "У.Хүрэлсүхийн туслах ч бас авлига авсан, У.Хүрэлсүхтэй ойр ажиллаж байгаа бүх хүн энэ хэрэгт холбоотой” гэдэг цуурхал дэгдээхийг оролдож байна. Буруугаа хүлээж, эртхэн зогсохын оронд бусдыг гүтгэж эхэлжээ. Гэтэл нэр хаяг тодорхойгүй сошл хуудсаар "”60 тэрбум гэдэг бол угтаа У.Хүрэлсүх байжээ” гээд л улаан цайм гөрдөх нь шоколад хулгайлаад амаа нялгадчихсан хүүхэд "Би идээгүй, агаа идсэн” гээд нүд эргэлдүүлэн гүлдийж зогсохтой адил "өхөөрдөм” харагдана. Сүүлдээ намын Ерөнхий нарийн бичгийн даргын томилсон хүмүүс авлигад холбогдлоо гэх ч юмуу, намын одоогийн удирдлагууд л 60 тэрбумын хэргийг эхлүүлсэн гэж зүтгэх юм. Албан тушаалын төлөө намынхаа нэр хүндийг сэвтүүлэх, бусдын нэр хүндийг гутаахдаа юман чинээ бодохгүй улайрч байгаа М.Энхболд УИХ-ын даргын суудлаа өгөхөөс, гэм буруутай гэдгээ хүлээхээс үхтлээ айж байгааг энэ явдал илтгэж байна. Олон нийт үүнд маш ихээр дургүйцэж байна. Түүнээс биш, 60 тэрбумын хэрэгт хэн хамаатай, хэнд хариуцлага тооцох вэ гэдэгтэй маргаж байгаа сүнс ч алга. Учир нь 60 тэрбумын бичлэг дээр Миеэгомбын Энхболд, Сандуй, Ганбаатар гэдэг гурван хүн л яриад байгааг монголчууд бүгд мэдэж байгаа шүү дээ.
Ингээд харахаар М.Энхболдын дөргүй бух шиг ширлэн зүтгэж байгаагийн цаана бас сайн тал байна. Тэр өөрийн бүтээсэн авлига, хээл хахууль, албан тушаалын наймаагаар хэрэн сүлжилдсэн МАНАН бүлэглэлийн гишүүдээс маш олон хүнийг хөлдөө чирэн, гуд татан хамт унаж байна. Тэрээр залуу цагийн найз, Төв аймгийн Цагдаагийн даргаар олон жил ажиллаж, өөрт нь удаа дараа үнэнч зүтгэсэн Х.Энхжаргалын карерыг өөрийн башир зорилгын төлөө нэг мөр дуусгаж байгаа шиг олон хүн түүнтэй хамт МАНАН-гийн тоосонд дарагдан үлдэж байна. МАНАН түүхийн хамгийн эмзэг муухай жишээ болон хоцорч байна. Ирэх долоо хоногт болох МАН-ын бага хурал МАНАН бүлэглэлийн хоёр толгойны нэгийг тас цавчихгүй л бол Монголын ирээдүйг ямархан хувь заяа хүлээж байгаа бол гэж бодохоос жихүүдэс төрж байна. МАНАН ялах уу, МАН ялах уу?
А.Тулга
http://www.ugluu.mn/348815.html