Ганц цаасан дээр л гарын үсэг зурахад баларна шүү, Ө.Энхтүвшин сайд аа!
Хариуцлагагүйн зуд гэж хаа байсан "соц” нийгмийн үед л ярьдаг байв. Өнөөдрийн "өндөрлөг”-өөс харвал тэрхүү зуд нь шүүмжлэл төдий л зүйл байжээ. Гэхдээ тухайн үед шүүмжлүүлнэ гэдэг дарга нарт аюул байв. Гахай зуруулж, "тоншуул”-д бичигдээд сүйд болно. Яг л Японы сайд нар гэртээ хэлсэн үгнийхээ төлөө айхтар гэмшиж ажлаа өгөөд, огцордог шиг…
Харин өнөөдрийн дарга нар хариуцсан салбарт нь гарсан алдаа эндэгдлээс яаж ийгээд л амьд мэнд гарчих гээд үздэг болсон байна. Би буруугүй гэж ирээд хэрхэн гүрийдгийг та бид өдөр бүр л харж байна. Эмгэнэлтэй л юм.
Ойр ойрхон гарсан ноцтой асуудлуудын дараа Засгийн газар сахилга хариуцлагыг чангатгахаар ажиллаад эхэллээ. Энэ зөв. Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь ч бас үүрэх ёстой гэдэг дээ.
Гэвч Засгийн газар маань сахилга ярьж, хариуцлага тооцсон эхний тушаалд нь л алдаа гарчихжээ. Түүнийх нь үр дүн хаашаа ч эргэж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа бололтой. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн.
Ингэхдээ Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрччихжээ. Товчхондоо, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг нь хүлээж аваад УИХ-д танилцуулах ёстой. Улмаар дараагийн сайдыг УИХ-аас томилтол Ж.Бат-Эрдэнэ ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх ёстой байж.
Гэтэл түүний ажлыг хүлээж аваад оронд нь Шадар сайд Ө.Энхтүвшинг үүрэг гүйцэтгүүлэхээр томилчихсон байгаа юм.
Одоо энэ асуудал Үндсэн хуулийн цэцэд ч очиж магадгүй талаар улс төрийн хүрээнд, Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор хүртэл ярьж байна. Ингэхээр хэн нэгэн У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах гэж байна гээд шуудхан ойлгочиход ч болохоор бололтой.
Дээрх яриа хөөрөө биеллээ олж, Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл очлоо гэж бодъё. Учир мэдэх хүмүүсийн яриагаар Засгийн газар буруутаж, ЗТХ-ийн сайдыг чөлөөлсөн тогтоол шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Цэц гаргаж таарна.
Ингэчихээр Шадар сайд Ө.Энхтүвшин ч Засгийн газрынхаа Үндсэн хууль зөрчсөн шийдвэрээр ЗТХ-ийн сайдын үүргийг түр хариуцсан болж хоцорно.
Ер нь бол 2018 оны наймдугаар сарын 13-наас хойш гарсан ЗТХ-ийн сайдын тамгатай шийдвэрүүд асуудалтай болно гэсэн үг.
Зам, тээврийн салбар хөрөнгө бэл, хөдөлгөх юм ихтэй. Төмөр зам, иргэний агаарын тээвэр, авто замын салбар гээд хамрах хүрээ, хариуцах ажил өргөнтэй. Асар их хөрөнгө оруулалт эргэлддэг. Зарим нэгийнх нь хувьчлалын асуудал ч яригдаж байгаа. Тэр бүхэн эрхтэн дархтануудын арааны шүлсийг асгаруулж байгаа гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Тиймээс ч ЗТХ-ийн дараагийн сайдын нэр Ерөнхий сайдын амнаас одоо болтол "унахгүй” байгаа юм гэх тайлбар их яригдаж байгаа. Энэ үнэний ортой байж мэднэ.
Бас ЗТХ-ийн сайдыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга гурав тохирч, хэн нэг нь томилох байх гэлцэж байгааг бас хавчуулъя.
Түүнчлэн арав гаруй хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтар гэдэг хүнийг тодруулж, дараа нь Засгийн газар томилсон. Тэр хүн өмнө нь УБТЗ-ын орлогч дарга байсан. МАН доторх Сү.Батболдын фракцын хүн гэх яриа Тусгаар тогтнолын ордноос "нисч” байгаа юм.
Гэвч Үндсэн хуулийн цэцэд асуудал очих л юм бол дээр хэлсэн тохироо, томчуудын хүсэл шунал "цаашаа” болно. Засгийн газар ч дэнжигнэж мэднэ.
Тиймээс Шадар сайд Ө.Энхтүвшинд ганц зүйлийг сануулъя. Хэрвээ Засгийн шийдвэр буруутаж, олон талаас хариуцлага шаардах үе ирвэл таны ЗТХЯ дээр очоод зурсан ганцхан гарын үсэг ч гай болно шүү. Хүн хэлэхээс, цаас чичихээс…. гэдэг билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР
Сэтгэгдэл байхгүй байна.