Э.Бат-Үүл хүүгийнхээ өрийг дарах гэж ТОСК-ын А.Гантулгад “НӨЛӨӨЛӨН” 9 тэрбумыг “Бэрэн”-д шилжүүлсэн үү …
Э.Бат-Үүлийн хотын даргаар ажиллаж байсан үеийн хамгийн том "бүтээн байуулалт” нь "Гэр хорооллын дахин төлөвлөлт” байсан. Энэ төслийн мөнхийн дагуул шуугиан нь хүү Э.Чулуудайгийх нь "Грандлайн” компани оролцсон явдал юм. Хүү нь Баянзүрх дүүрэгт "Түмэн амгалан” цогцолбор хороолол барих ч ёстой байсан ч мордохын хазгай болсон. Хамтрагч туркуудтэйгээ муудалцаж маш их хэмжээний өрөнд орж ажил нь зогссон. Гэтэл 2017 оны хавраас "Бэрэн” групп "Грандлайн”-ий төслийг үргэлжүүлэх яриа гарч улмаар компанийг төсөлтэй нь хамт худалдан авсан нь ил болсон. Тухайн үед экс мээрийн хүүгийн компани нь Улаанбаатар банкинд 3,3, Турк Улсын "216 Япи Үрэти Худалдаа” компанид 1,2 тэрбумын зэрэг өртэй байсан. Асар их өртэй компанийг худалдан авсаны цаад шалтгаан нь зургаан холбогдогч, 12 үйлдэлтэй "ТОСК” -ын экс захирал А.Гантулга нарын хэргээс ил болж байгаа гэнэ. Үйл явдлыг дарааллаар нь хөөхөд экс захирал нь "Бэрэн” компаний ерөнхий захирал Б.Мөнхтөртэй 2015 оны 3-р дугаар сарын 11-ний өдөр "Эрх шилжүүлэх, хамтран ажиллах” гэрээ, мөн сарын 23 болон 4-р сарын 21-ний өдрүүдэд "Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Хангай хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах”, "Бэрэн групп” -ын барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч, үнийг үл маргах журмаар төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.
Үүнээс хойш нэг сарын дараа буюу 5-р сарын 5-нд Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан "Гранд лайн” компанийг 10 гаруй тэрбум төгрөгөөр "Бэрэн”-д худалдах гэрээ байгуулагдаж хувьцааг 100 хувь шилжүүлжээ. Компани худалдагдсанаас хойш зуны сүүлээр буюу 8-р сарын 27-нд "ТОСК” нь "Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын санхүүжилтээс таван тэрбумыг, 9-р сарын 11-нд дөрвөн тэрбумыг "Бэрэн групп”-д хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байна. Д.Гантулга нарын хэргийн мөрдөн байцаалтын явцад "Бэрэн групп”-ын холбогдох ажилтнууд нь "ТОСК”-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгөөс "Гранд лайн” компанийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсан тухай мэдүүлсэн гэнэ. 2016 он гараад А.Гантулга нь А/49, А/70 дугаартай тушаал гаргаж "Буянт-Ухаа-1”, "Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллоос 32 айлын 1,480,3 метр квадрат талбайтай 1,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Нийслэлийн орон сууцны фондод үнэ төлбөргүй шилжүүлж, үйл ажиллагааны зардлаар бүртгэжээ. Харин 6-р сарын 24-нд буюу сонгуулийн бужигнааны үеэр хотын дарга Э.Бат-Үүлийн А/533 дугаартай захирамжаар "Буянт-Ухаа 2″ хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтыг баталжээ. Энэ жагсаалтанд "ТОСК” -ын захирал А.Гантулга нь иргэн Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашиглан орж тус хорооллын 1006-р байрны 1… тоотод байрлах 68.59 м.кв талбайтай, 92.5 сая төгрөгийн үнэлгээ бүхий, гурван өрөө орон сууцны гэрчилгээг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөртөө гаргуулан авсан баримт илэрчээ.
Иргэний үнэмлэхээ ашиглуулсан иргэн нь "ТОСК” -ын Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Одын эгч гэнэ. Хэлтсийн дарга ч мөн хүргэн Ж.Гантөмөрийнхээ нэрээр жагсаалтад багтан 92 саяын үнэлгээтэй байр авч тэр дор нь үнээр нь заржээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Э.Чулуудай, Б.Мөнхтөр нар нь "Грандлайн” компанийг зарах гэрээ байгуулсан, А.Гантулга нь "Бэрэн”-тэй гэрээ байгуулж есөн тэрбум төгрөг шилжүүлсэн болон "ТОСК” -ын захирал, дарга нар иргэдэд үнэгүй олгох орон сууцнаас эрх мэдлээ ашиглан авсан зэрэг нь хоорондоо хамааралтай байх магадлалтай. "Шударга” экс мээрийн хүү компаний өрөө төрийн мөнгөөр даруулсан гэх ч хардлага төрж байна. Мөн "Бэрэн”-гийн захирал нь 2014 оны 1-р сарын 14-ний өдөр А.Гантулгын охин Г.Н-гийн дансанд 12 мянган доллар шилжүүлсэн гэх баримт ч холбогдож байгаа аж. Өдгөө хотын экс удирдлага нь "Буянт-Ухаа 1”, "Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос нийт 31 орон сууцыг эрх мэдлээ хэтрүүлэн нэр бүхий албан тушаалтнуудад үнэ төлбөргүй олгосон гэх хэрэгт шалгагдаж байгаа гэнэ.
НУУЦ.мн
Сэтгэгдэл байхгүй байна.