Ингэж даврахгүй ээ, Х.Амгаланбаатар гуай!
"Зах зээлийн эхэн үед л гэхэд тэтгэвэр тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч оффистой, спорт заалтай, уулын ам болгонд 130 гаруй зуслантай, аймаг болгонд контортой, ахмадын сувилалтай, хүнсний ногооны өргөн уудам талбайтай, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 650 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 300 гаруй авто машинтай, адуу, үхэр, хонин сүргийн сууриудтай эзэнт гүрэн байжээ” хэмээн МҮЭХ-ны нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Гэрэлмаа ярьсан байдаг юм. Нягтлан бодогчийн хэлсэн эд хөрөнгө өнөөдөр өсөөд, үржээд байх л ёстой. Учир нь МҮЭХ бол улсаас татаас авдаг, байшин савын түрээс зэргээс өндөр ашиг олдог газар юм. Хөрөнгө нь хорогдох ямар ч шалтгаангүй гэсэн үг.
Тэгвэл МҮЭХ-ны удирдлагууд эд хөрөнгөө хэрхэн зарцуулж байдгийг хэн харж хандаж байдаг юм бэ. Эмч, багш нарын ажил хаялт болохоор л гарч ирдэг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар гэдэг хүн байна. Цалингаас өөр хамгаалуулах эрх бас хөдөлмөр хийдэг хүн бүрт байдаг гэдгийг тэд мэддэггүй бололтой байдаг юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны бэлгийн дарамт гэдэг юм уу МҮЭХ-ноос анхаармаар олон асуудал бий дээ, уг нь. Үүнийг дараа сөхье.
Харин олны нэрээр одоог хүртэл амьдарч яваа МҮЭХ-ийн хөрөнгө бэлийн талаар анхаарах хэрэгтэй юм шиг байгаа юм. Хэд хэдэн анхаарах зүйл бий.
Нэг. МҮЭХ-ны төв байр гэж хотын төвд ланжгар том байшин бий. Сүхбаатарын талбайн ердөө баруун талд, Төрийн ордонтой бараг залгаа энэ байрны түрээс гэж талийсан өндөр гэдэг юм. МҮЭХ-ны өөрийнх нь үйл ажиллагаа тэр том байшингийн өчүүхэн хэсэгт явагддаг. Ихэнх нь түрээс. 40 м.кв өрөөнөөсөө л сард 2.0 сая төгрөг олдог гэж байгаа. Гэхдээ энэ дам ярианаас олдсон мэдээлэл шүү. Түүнээс биш МҮЭХ, Х.Амгаланбаатар түрээсээс нийт хэдэн төгрөг олдог, тэрийгээ яаж зарцуулдгийг хэн ч мэдэхгүй.
Хоёр. "Баруун дөрвөн зам”-д байх Нийслэлийн ҮЭХ-ны байр гэж бас түрээс "түүсэн” байшин байх. Өвөл зунгүй тоглолт сэлт болж байдлаг МҮЭСТО гэхээр хүмүүс андахгүй.
Гурав. Биокомбинатын архан талд байдаг Сонгины. амралтын газар бас эднийх. Тэндхийн тооцоо бас л МҮЭХ буюу Х.Амгаланбаатараас өөр хүн мэдэхгүй.
Дөрөв. Гишүүдийн татвар. Тэд үйлдвэрчний эвлэлийн гишүүн бүрээс сар бүр цалингаас нь гишүүний татвар хэмээн суутгаж авдаг
Энэ мэтийг ухаад яваад байдаг сэтгүүлчид, үйлдвэрчид гэж бараг байдаггүй. Засгийн газар ч татаасыг нь өгчихөөд л явж байдаг.
Гэтэл сүүлдээ Х.Амгаланбаатар ерөнхийлөгч МҮЭХ-ны санхүү, хөрөнгийн талаар сөхсөн сэтгүүлчид ихээхэн бухимдаж хандаж байгааг зурагтаар олж харсан хүн олон л байгаа байх. Хувийнх нь компанийн талаар асуусан бол бүр "алах” юм шиг байгаа юм.
Ингэж даврахгүй ээ, Х.Амгаланбаатар гуай! Хууль зөрчсөн бол хувийн компанийг чинь ч ухаж онгичдог ёстой юм байна лээ.
Таны албан тушаал бол түмний өмч юм. Тиймээс бүх зүйлээ шилэн болго. Үйл ажиллагаагаа ч бас өргөжүүл.
Танай нягтлан бодогч байсан Б.Гэрэлмаа "МҮЭХ-ны удирдлага 18 данстай, зарим дансуудыг нэг удаа ашиглаад хаяж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд таван тэрбумын орлого нь 400 сая болтлоо буурлаа. 200 гаруй сая төгрөгийн өр нь 1,8 тэрбум болтлоо өслөө. Сүүлийн жилүүдэд Нийгмийн даатгалд өртэй, татварт тайлангаа цаг тухайд нь өгдөггүй, байнга зөрүүтэй мэдээлэл өгч ирлээ. Энэ мэт МҮЭХ-ны удирдлагын хууль бус үйлдлүүд байгууллагын нууцад хамаардаг болжээ” гэж ярьсан байдаг. Энэ ноцтой юм шүү. Бас Х.Амгаланбаатарыг МҮЭСТО-ны зүүн талд байрлалтай 12 давхар зочид буудал баригдаж буй газрыг "Макс” группт 170 сая төгрөгийн хивсэнцрээр зарсан. 1,6 га газрыг "Бэрэн” группт хоёр өрөө байраар зарсан. Тэр орон сууц нь замаасаа алга болсон. Засгийн газраас "Хаалтын гэрээ”-ны зарчмаар 780 сая төгрөг авч АНУ-д зугаалсан, "Альфа” зочид буудлаа ажилуулахын тулд сар бүр 5-10 сая төгрөг өндөр хүүтэй зээлж МҮЭХ-ноос төлдөг. Үйлдвэрчин хотхоноос нь 40 орон сууц сох дутсан гэдэг. Хөлбөмбөг, ажилчдын, ногооны гэх мэт газруудыг хэсэгчлэн зарсан гэх мэтчилэнгийн олон асуудал илчлэгддэг. Тэгсгээд чимээгүй болдог.
Тиймээс дахиад хэлье. Ингэж даврахгүй ээ, Х.Амгаланбаатар гуай. Бүх зүйлээ шилэн болго. Үйл ажиллагаагаа ч бас өргөжүүл.
Эх сурвалж: www.news1.mn
Сэтгэгдэл байхгүй байна.