Шатахууны үнийн хөөрөгдөлд ард иргэд сөхрөх нь…
Энэ сарын 6-аас 7-ны өдрийг шилжих шөнө шатахууны үнэ нэмэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тодруулбал, АИ-95 2040 төгрөг, АИ-92 1830 төгрөг, АИ-80 1550 төгрөг байснаас 1850 төгрөг болж тус тус нэмэгдсэн.
2018 он гарснаас хойш шатахууны үнэ нийтдээ 5дахь удаагаа нэмэгдэж ард иргэдэд гэнэтийн "цочир” бэлэг барьсан нь эх баригчдад дуулгах томхон мэдээ болов. Өмнө нь олон нийтийн баярын өдрүүдээр болон хөл хөдөлгөөн ихтэй бужигнах үед шатахууны үнийг алгуур нэмж байсан бол энэ удаад тав дахь өдөр нэмэгджээ. Тухайлбал, Өнгөрсөн нэгдүгээр сард улс даяараа шатахууны хомстолд орж байсан. Мөн цагаан сар, хүүхдийн баяр болон наадмын өдрүүдэд тааруулж шатахууны үнийг нэмж байлаа. Энэ мэтчилэн шатахуун импортлогчид баяр ёслол, амралтын өдөр, шөнө дөлөөр ч хамаагүй шатахууны үнээ амандаа багтсан хэмжээндээ нэмдэг батлагдаагүй хууль тогтчихлоо.
Харин шатахууны үнэ нэмэгдсэн газруудыг ажиглавал хотын төвийн дүүргүүдэд шатахууны үнэ нэмэгдээгүй харин захын дүүргүүд болох Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх зам дагуу байрлах ШТС-ууд шил шилээ даган шатахууны үнээ нэмсэн байдалтай байсан юм.
2016 онд 1660 төгрөг байсан шатахууны үнэ 2018 онд 2000 төгрөг хол давлаа. Ард иргэд шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг МАН-тай холбон тайлбарлаж байв. Өөрөөр хэлбэл МАН шатахууны үнийг 300 хүртэлх төгрөгөөр буулгана хэмээн УИХ-д 65-таа орж ирсэн атал худал амлалтыг иргэдэд өгсөн, үнийн өсөлтөд ард иргэд сөхөрч байна хэмээн иргэд олон нийтийн сүлжээнд бухимдаж байсан юм.
ОХУ-аас баримталж буй шатахууны үнийг нэмэх бодлого ирэх арван нэгдүгээр сар болон арван хоёрдугаар саруудад ч хэрэгжих төлөвтэй байгаа талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолж байсан. Тэгэхээр ОХУ-аас манайд өгөх шатахууны үнийг тонн тутамд 41-91 америк долларын нэмэгдэлтэйгээр худалдан авах нь тодорхой болсон ч дараа дараагийн саруудад 100 хүртэлх америк доллароор худалдан авч болзошгүй болоод байна.
Дан ганц ОХУ шатахууны үнийг нэмэх бодлого баримтлаагүй бөгөөд АНУ-ынИраны эсрэг хориг олон улсын зах зээлд газрын тосныхомстолдхүргэж болзошгүй гэх болгоомжлол үүссэнээр газрын тосны үнэ нэмэгдсэн. Түүнчлэн томоохон газрын тос олборлогчид дунд олборлолтоо танах зөвшилцөл үйлчилж байсан бол өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОПЕК-ийн бүлгийн орнуудад хандан газрын тосны үнийг бууруулахыг шаардсан билээ.
Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар шатахууны үнэ өсөлтийн талаар хэлэхдээ "Роснефт компанитай шатахууны үнэ бууруулах жижигхэн асуудлыг талаар яриа хиймээргүй байна. Мөн нефтийн ханшийг 30 ам.доллараар бууруулаад өгөөч ээ гэж ярьдаг сайд баймааргүй байна. Гадны улсаас импортоор шатахуун бүтээгдэхүүн худалдаж авах бус өөрсдөө үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч орон болох нь зүйтэй. Алсдаа бид нефтийн үнийг бууруулахын төлөө энэ ажлыг явуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидэнд энэ салбарт ОХУ-тай хамтарч ажиллах санал нээгдлээ гэж би хувьдаа харж байгаа” гэсэн юм.
Үнэхээр тус яамны сайдын хэлсэнчлэн өөрийн улсдаа нефть үйлдвэрлэх хүчин нөхцөл бүрдчихвэл үнийн хөөрөгдлийг өөгшүүлж буй шатахуун импортлогчдыг халах цаг удахгүй ирэх нь…
Эх сурвалж: Ene.mn
Бэлтгэсэн: Т.НОМУН
Сэтгэгдэл байхгүй байна.