АНУ болон Туркийн ерөнхийлөгч нар сэтгүүлч Хашоггийн талаар утсаар ярьжээ
Туркийн ЕрөнхийлөгчРежеп Тайип Эрдоганболон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн талаар утсаар ярьсан тухай Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас даваа гарагт мэдээлэв.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд тэмдэглэснээр, Р.Эрдоган болон Д.Трамп нар сэтгүүлчийн хэргийг бүх талаас нь тодруулах хэрэгтэй хэмээн санал нийлсэн аж.
Сэтгүүлч Ж.Хашогги нь 10 дугаар сарын 2-нд Саудын Арабын Истанбул хотноо суугаа Консулын газар руу орсноосоо хойш сураггүй алга болсон билээ. Түүний хаана байгаа талаар мэдэхгүй хэмээн олон хоногийн турш мэдэгдсэний дараа өнгөрсөн бямба гарагт Ж.Хашогги Консулын газарт нас барсан тухай Саудын Арабын талаас албан ёсоор мэдээлсэн юм.
"Сэтгүүлчийг алга болсон өдөр Саудын Арабын 15 төлөөлөгч Истанбул хотод хоёр нисэх онгоцоор хүрэлцэн ирж, түүнийг дотор байх үед Консулын газарт зочилсон” гэж Туркийн цагдаагийн газрын эх сурвалжууд мэдээлжээ. Түүний дараа дээрх төлөөлөгчид бүгд Туркаас явсан байна.
"Хоёр улсын төрийн тэргүүн нар мөн номлогч Эндрью Брюнсоны талаар болон терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах хийгээд Сирийн Манжиб хотын тухай асуудлуудаар санал бодлоо солилцсон” гэж эх сурвалжуудын мэдээлэлд тэмдэглэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.