“Содмонгол” ШТС-ийн түгээгчид шатахуунаа дутуу шахдаг
Шатахуунтай холбоотой элдэв асуудал гарсаар байна. Шатахууны үнэ нэмэгдсэн, дээр нь хуурамч хулхи шатахуун худалдаалдаг бол одоо бүр шатахуунаа дутуу шахдаг гэсэн зөрчил мэдээлэл холбогдох газарт ирсээр байна.
Тодруулбал, "Содмонгол” ШТС-ийн түгээгчид шатахуун дутуу шахдаг байсан ноцтой зөрчлийг илрүүлж, ШӨХТГ-т иргэд ханджээ.
Энэ талаар тус газрын дарга Б.Лхагва ярихдаа "Содмонгол шатахуун түгээх газрыг шатахуун дутуу шахаж байна гэсэн үйлдлийг нь шалгаад манайхаас 20 сая төгрөгийн торгууль тавьсан. Гэтэл торгуулиа төлөхгүй хэмээн шүүхэд хандсан юм билээ. Одоо шүүхээр заргалдана.
Ер нь манайхаас шатахууны үнэтэй холбогдуулан хяналт тавих заалт байхгүй. Сүүлийн үед шатахууны үнэ тэнгэрт туллаа. Тиймээс Засгийн газраас шатахууны үнэтэй холбогдуулан төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгмөөр байна. Хэн нь ямар үүрэгтэй ажиллах чиглэл нь тодорхой байх ёстой. ШӨХТГ-аас шатахууны үнийг хяна гэх юм бол хянах шиг амархан зүйл байхгүй. Өнөөдөр манайд үнэ хянадаг тогтолцоо хуулиар олгогдоогүй байна. Харин шатахуун дутуу шахдаг, хуурамч шатахуун худалдаалж байна гэсэн зөрчилд хяналт тавьж байгаа” гэв.
Эх сурвалж: OLLOO.MN |
Сэтгэгдэл байхгүй байна.