Хуурамч шатахууны үйлдвэрлэгч сүлжээ гэмт хэргийн мөрөөр
-400 ГАРУЙ ШТС ХУУРАМЧ ШАТАХУУН БОРЛУУЛЖ БАЙНА ГЭВ-
Шатахуун импортлогч компаниуд Онцгой албан татвар төлдөг. Тиймдээ ч шатахууны үнэ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэгвэл татвараас зугтааж, хуурамч шатахуун үйлдвэрлэж, хэрэглэгч нарт худалдаалж онц их хэмжээний ашиг олж, мөнгө угаадаг гэмт хэргийн томоохон сүлжээ Монголд бий болжээ. Хил гаалийнхан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн томоохон албан тушаалтнууд, хуурамч шатахуун үйлдвэрлэгч компаниудын эзэд, хөдөө орон нутагт худалдан борлуулалт хийдэг шатахуун түгээх станцын эзэд гээд хамрах хүрээ олон гэнэ. Хуурамч шатахуун үйлдвэрлэгч гэмт хэрэгтнүүд татвараас зугтааж, улсад онц их хэмжээний хохирол учруулсныхаа төлөө хэдэн зуун тэрбум төгрөгний ашиг хүртэж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Бүр дэлхийд хуурамч, чанаргүй шатахуун нийлүүлдэг гэдгээрээ алдартай компани ч манай улсад хэдийнэ ороод ирсэн. Өөрсдийн шатахууны "найрка” хийх үйлдвэртэй болсон. Тэндээ өдөр шөнөгүй хуурамч шатахуун үйлдвэрлэж байдаг гэх ноцтой мэдээллийг эх сурвалж онцолж байв. Энэ талаар нэхэн сурвалжилж уншигч та бүхэнд хүргэж байна.
ТАТВАРААС ЗУГТААХ АРГА БУЮУ ХУУРАМЧ ШАТАХУУНЫ ТҮҮХИЙ ЭД ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРДЭГ СҮЛЖЭЭ
Керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүн шатахууны найрлагад буюу үйлдвэрлэхэд ордог байна. Өөрөөр хэлбэл дээрх 22 төрлийн бүтээгдэхүүнийг хооронд нь холиод шатахуун гарган авдаг гэнэ. Гэхдээ стандартын дагуу орцыг нь тааруулж, тусгай технологиор шатахуун гарган авч байж чанартай шатахуун болдог байна. Тэгвэл энэ төрлийн бизнес хийгчид болон тэдэнтэй халаас нэгтэй гэгдэх улс төрийн томоохон бүлэглэл хууль бус аргаар их хэмжээний ашиг олох боломжийг өөрсдөө нээж өгчээ. Шуудхан хэлэхэд шатахуун хийхэд ордог керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг улсын хилээр ямар нэгэн гаалийн болон бусад төрлийн татваргүйгээр оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Өөрөөр хэлбэл шатахуун хилээр орж ирэхэд онцгой албан татвар авдаг мөртлөө, түүхий эдийг нь оруулж ирэхэд ямар ч татвар авахгүй байхаар татварын тухай хуулийн зохицуулалтыг өөрсдөдөө ашигтайгаар хийж чадсан байна. Сүүлийн хоёр жилийн гаруйн хугацаанд 202 мянга гаруй тонн шатахуун үйлдвэрлэхэд ордог үндсэн болон нэмэлт бүтээгдэхүүн хилээр орж ирсэн гэх тоон судалгаа байна. Мөн өнгөрсөн жилийн эхний есөн сарын байдлаар 49.988 тонн керосин манай улсын хилээр орж иржээ. Улмаар шатахууны гол түүхий эд болох хөнгөн фракцийн бензин буюу нафта 17.259 тонн, нэмэлт бүтээгдэхүүнүүд нь 33.216 тонн хилээр нэвтэрсэн байна. Импортлогчид энэ жил л гэхэд 100,463 тонн хуурамч шатахуун үйлдвэрлэх хэмжээний бүтээгдэхүүн хилээр оруулж ирсэн гэх мэдээлэл байх юм. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ дунджаар 650 ам.доллар байсан.Тэгвэл керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүн шатахуунаас хоёр дахин бага буюу 300 орчим ам.доллараар худалдаалагддаг байна. Тэд үүнийг овжин ашиглаж чадсан байгаа юм. Хоёр дахин бага үнэтэй бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад ямар нэгэн татвар төлөхгүйгээр хилээр оруулаад ирнэ. Үүнийхээ дараа хооронд нь хольж хутгаад маш хямд зардлаар шатахуун үйлдвэрлэнэ. Түүнийгээ Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа үнээр борлуулна. Ингээд хэдэн тэрбум төгрөгний ашиг олж чаджээ. Хуурамч бензин үйлдвэрлэгчид 60 гаруй тэрбум төгрөгийн ашгийг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд олсон байж магадгүй байгаа аж.
Зөвхөн эдгээр бүтээгдэхүүнүүдийг найруулж, шатахуун гаргаж авахаас гадна дизелийн түлш дээр керосин нэмж арвижуулан зардаг гэх мэдээлэл байгаа юм. Шатахуун дээр ч нафта нэмэн мөн л бензинийхээ чанарыг алдагдуулан арвижуулж зардаг гэнэ. Бидний хамгийн сайн мэдэхээр сүү, айраг, шингэн цагаан идээн дээр ус нэмэн зарж, ашиг олдогтой адилтгаж болохуйц үйлдэл юм. Энэхүү хуурамч шатахууныг хэрэглэгчид авч, машин нь эвдрэл гэмтэлд нэрвэгдэж байна.
Хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашиглагдаж байгаа 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шатахуун үйлдвэрлэхээс өөрөөр манай улсад бараг ашигладаггүй. Зэс угааж, боловсруулахад ашигладаг ч хувь хэмжээ нь маш бага байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, зэс угааж боловсруулахад маш бага ордог керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүн их хэмжээгээр хилээр орж ирж байгаа нь шууд утгаараа хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нь маш тодорхой гэсэн үг юм. Хил гаалиар татваргүй орж ирсэн түүхий эдийг юунд хэрхэн зарцуулж байгаа вэ гэдгийг мэргэжлийн хяналтын газраас хянах үүрэгтэй. Харамсалтай нь мэргэжлийн хяналтын газраас энэнд огт анхаарал хандуулдаггүй. Керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг юунд зарцуулж байгааг нэг ч удаа шалгалт хийгээгүй гэдгийг эх сурвалж онцолж байв. Бүр хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа томоохон үйлдвэр бий болсон. Хөдөө орон нутаг руу борлуулалт хийгдэж байхад Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ынхан огт мэдэхгүй юм шиг сууж байгаа ажээ.
ХУУРАМЧ ШАТАХУУНЫ ҮЙЛДВЭРЛЭЛТЭЭРЭЭ "ТРАФИГАРУ” ГЭХ КОМПАНИ ТОЛГОЙ ЦОХИДОГ ГЭВ ҮҮ
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр "2015 оноос эхлэн иргэд чанаргүй шатахууны талаар гомдол гаргадаг ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөг хүргэсэн. 2017 онд уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гарч стандартын бус иргэдийн хэлээд байгаа шиг хуурамч шатахууны мөрөөр шалгалт хийсэн байдаг. МХЕГ-аас "Трафигару”, "Транс Гайд”, "Хар мөрөн импекс”, "Ай Си Ай Си”, "Петролиум продакшн” зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг хаах санал оруулсан байна. Энэхүү шалгалтын дүн одоо хүртэл гацсан, Засгийн газарт танилцуулагдаагүй юм билээ. Өмнөх шалгалтын дүнгээ огт танилцуулаагүй хэрнээ дахин хамтарсан ажлын хэсэг зарлажээ. Бид өмнөх ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцуулаач гэсэн шаардлагыг Засгийн газар хүргүүлж байгаа” хэмээн мэдэгдэж байсан. Мөн хуурамч шатахуун худалдаалдаг 400 гаруй шатахуун түгээх станц Монголд бий болоод байгаа гэнэ. Тэгвэл Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай "Трафигура” хэмээх компани байдаг гэх мэдээлэл байгаа юм. Багахангай дүүргийн шатахуун нөөцлөх газарт түүхий эд вагоноор очдог. Тэнд нь химийн бодисуудыг хооронд нь хольж хутгаад шатахуун болгодог гэнэ. Тус компанийг Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан нэгэн генерал арыг нь дааж хамгаалдаг гэх мэдээллийг эх сурвалж онцолж байв. "Трафигура” хэмээх компани олон оронд шатахууны түүхий эд нийлүүлдэг. Сүүлийн жилүүдэд Африкийн орнуудад нийлүүлж буй шатахуун нь чанарын шаардлага хангахгүй байгаа. Олон орон тус компанийн шатахуунаас татгалзаад байгаа гэх мэдээлэл ч байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл байхгүй байна.