Хувьчлалаа хүлээсэн Төрийн банкны удирдах албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдээсээ хулгай хийж байжээ

0

Хувьчлалаа хүлээсэн Төрийн банкны удирдах албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдээсээ хулгай хийж байжээ

 

Хувьчлалаа хүлээсэн Төрийн банкны удирдах албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдээсээ хулгай хийж байжээ

-Тэргүүн дэд захирал Д.Ганбаатарыг яллагдагчаар татав-

Төрийн өмчлөлд байгаа, хувьчлагдах мөчөө хүлээсэн үнэ цэнтэй объектын нэг бол Төрийн банк. УИХ-аас Төрийн банкийг хувьчлах жагсаалтад багтаахдаа дуудлага худалдааны доод үнийг 300 тэрбум төгрөгөөр тогтоосон байдаг. Ингэхдээ 75 тэрбум нь төсөвт төвлөрөхөөр, 225 тэрбумыг Монголбанкны өрөнд өгөх шийдвэр гаргасан. Өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр Төрийн банк хоёр их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, Монгол Улсын банкны салбарын топ дөрвөн банкны нэг.

Анх 130.2 тэрбум төгрөгийн активтай байсан бол одоо хоёр их наядыг давсан активтай, 28.6 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан бол эдүгээ 170-аад тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг банк. Олон жилийн өмнөөс энэ банкийг хувьчлах талаар ярьж байсан ч ажил хэрэг болсон нь үгүй.

Ийнхүү дуншиж байх хооронд тус банкны эрх бүхий албан тушаалтнууд нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн Төрийн банканд байршуулсан мөнгөнөөс их хэмжээгээр хуурамч бичиг баримт үйлдэн завшиж байгаа дуулиан дэгдлээ. Өдгөө энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд хэд хоногийн өмнө  хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчлахтай зэрэгцээд хэд хэдэн салбарт нь нэгжлэг хийж, зарим эд мөрийн баримтуудыг нь хураан авсан байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийг 60 гаруй хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс завшсан, хээл хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн албан бус эх сурвалжууд хэлж буй.  

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр хоёр ч тусдаа хэрэг шалгаж байгаа аж. Тухайлбал, Тээврийн товчоо, "Хараа” зочид буудлын дэргэдэх салбаруудад нэгжлэг явуулсан юм. Төрийн банкныхнаас ямар хүмүүсийг эрүүгийн хэрэгт шалгаж буйг тодруулахад "2-3 жилийн өмнө захирлаар ажиллаж байсан хүмүүс хэрэгт холбогдсон. Одоогийн удирдлагын багт байгаа хүмүүстэй холбоогүй” хэмээн мэдээлж байсан. АТГ-ынхан "Төрийн банкны нэр бүхий албан тушаалтнуудыг эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, хахууль авсан гэх үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэсэн мэдээлэл өгөв.

Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан Төрийн банкны ажилтан С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг эхэлж цагдан хорьж, улмаар шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг  яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүгчийн захирамжаар тэднийг хорьсон юм. Тэднийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст эд хөрөнгө завшсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм билээ. Эдгээр хүмүүсийн үйлдлийг тодруулахын тулд хуучны Тээврийн товчоон дахь салбарт нэгжлэг хийсэн аж.

Харин АТГ-ынхан Төрийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж буй Д.Ганбаатар, тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг яллагдагчаар татсан юм. Тэднийг их хэмжээний мөнгө завшсан, хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж буй. Нийслэлийн Прокурорын газраас тэднийг цагдан хориулах санал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд дээрх хоёр хүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.  Тэдэнтэй хамт Төрийн банкны "Хараа” тооцооны төвийн захирлаар ажилладаг Б.Энхбаатарыг яллагдагчаар цагдан хориулах хүсэлт хүргүүлсэн ч шүүхээс түүнийг улсын хилээр гарахгүй байх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.