Хар Африкийн замаар замнаж буй Монгол улс
Монгол улс өнөөдөр уул уурхайгүй бол амьдрах аргагүй болсон улс. Энэ салбараас өнөөдөр улсын орлогын 86, аж үйлдвэрийн 71, эдийн засгийн 18, төсвийн орлогын 30 хувь тус тус бүрдэж байна. Уул уурхай нь Монголын эдийн засагт нөлөөлөх чухал салбар учраас дэлхийн эдийн засгийн байдал, ашигт малтмалын үнэ ханшаас бидний идэх хоол, өмсөх хувцас, амьдрах орон сууцны үнэ хамаарч хэлбэлзэж байгаа гэсэн үг юм. 2017 онд Монгол улс 1.2 сая тонн зэс борлуулж 4.5 их наяд, 25 сая тонн нүүрс борлуулж 1.4 их наяд, 7.5 тонн алт борлуулж 543 тэрбум төгрөг олжээ. Энэ гурав нийлээд 6.5 их наяад буюу эрдэс баялагийн экспортын бараг 90 хувийг эзэлж байгааг Ашигт малтмалын газраас мэдээлсэн байна. Эдгээр мөнгөн дүнг тооцоолоод үзэхэд Монгол улс тийм ч ядарсан улс биш юм шиг санагдана. Тэр тусмаа тийм их ашигт малтмал,эрдэс баялаг гадагшаа зарж борлуулж байгаа мөртлөө иргэд нь яагаад ийм ядуу байдаг нь үнэхээрийн гайхалтай. Бас эдийн засаг нь байнга шахам хямарч, төр засаг нь гадны улс орнуудаас байнга шахуу мөнгө гуйн явах нь ямар учир утга байна вэ? Үүний хариуг хамтдаа олохыг хичээцгээе. Монгол улсын ирээдүйг түүчээлэх хөгжлийн гол түшиг тулгуур болсон уул уурхайн салбар маань өнөөдөр энэ улсын төр засаг, тодруулбал шийдвэр гаргагчдаас хамаарч огтхон ч өөдлөн дэвжиж өгөхгүй байна. Олон улсын судалгааны хүрээлэнгээс Монгол улсыг байгалийн баялагийнхаа үр шимийг 63 хувьтай буюу дундаас дээш түвшинд хүртэж байгаа улс гэж дүгнэжээ. Гэхдээ энэ нь манай улсын уул уурхайн статистик мэдээнд үндэслэн гаргасан ерөнхий тоон үзүүлэлт болохоос Монголын уул уурхайг сайн гэж дүгнэсэн үзүүлэлт биш юм. 2014 онд байгалийн баялаг манай улсын нийт экспортын 90 хувь болсон учир Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэгч 49 орон дотроос Монгол улс байгалийн баялагаасаа хамгийн их хараат улс болон тодорсон байна. Монгол бол угаасаа мал аж ахуйн орон байсаар ирсэн. Өнгөрсөн зууны 30-д оноос эхлэн ЗХУ Монголд социалист бүтээн байгуулалтыг байгуулан энэ улсад анх хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Ийнхүү олон зууны турш хөмөрсөн хар тогоон дунд байсан зэрлэг бүдүүлэг монголчууд түүхэндээ анх удаа Европ зүгийн соёл иргэншилтэй золгож, аж үйлдвэр гээч зүйлтэй танилцсан нь тэр байсан бөгөөд үүний ачаар өнгөрсөн зууны 60-д он гэхэд Монголд Европ маягийн иргэншил нэвтэрч, технологи хөгжиж, хотжилт үүсэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл өнөөх хөмөрсөн тогоонд байсан улс маань арай соёлжиж, аж үйлдвэрийн наад захын элементийг хөгжүүлэх эхлэлийг тавьжээ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд монголчууд өөрснөө хийж бүтээсэн нь даан ч бага харин хамаг юмаа гадны хүнээр хийлгэж ирсэн нь маргашгүй үнэн билээ. Ямар сайндаа Монголоор аялсан Оросын нэг жуулчин Монголын тухай бичихдээ ”Монголчууд түүхэндээ хэзээ ч овоож оцойсон юм бүтээж байсангүй, тэдний хамаг юм нь өнөөх их хааныхаа нэртэй холбогддог юм байна ” хэмээн бичиж байв. Одоогоос хоёр жилийн өмнө Оюутолгойн гадаад эзэн Монголд ирээд явахдаа ”Танай улс ойрын 10-д жилд энэ уурхайгаас юм олж долооно гэж саналтгүй” хэмээн баахан доромжлоод явсныг хүмүүс эрх биш санаж л байгаа болов уу. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнөөдөр Монголын хөгжил дэвшлийн ганц гарц болсон уул уурхай харийнхан болоод манай улс төрийн хэдэн увайгүй луйварчдын гарт бүрэн шилжин оржээ гэсэн үг юм. Өнөөдөр Монголын эдийн засаг яагаад хямралаасаа гарч чадахгүй байна вэ гэхээр монголчууд өөрснөө хийж бүтээсэн нь бага, дэлхийн зах зээл дээр ноос ноолуураас өөр бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байгаа учраас эдийн засгийн хямралаасаа гарч чадахгүй байна. Тэр үүднээсээ төр засгийн хэрэгцээ, хэрэглээ нэмэгдсээр, авлигатайгаа дорвитой тэмцэж чадахгүй байгаа учир төсвийн алдагдал нь тэлсээр гадаадын засгийн газраас мөнгө гуйн амьдарч байна. Тэрч бүү хэл өнөөгийн энэхүү нөхцөл байдал цаашид яаж өрнөхийг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид янз бүрээр таамаглан байнга хэлэлцүүлэг өрнүүлдэг болсоор удсан бөгөөд Монгол улсын хувьд байдал ийм байгааг олон жилийн турш ярьж хэлж ирсэн учир одоо хэн ч тоохоо больж, бүр дөжирчихсөн гэж хэлэхэд огтхон ч хилсдэхгүй билээ. Харин гадны эрдэмтэн судлаачид таамаглахдаа Монгол улс энэ маягаараа цааш явбал удахгүй хар африкийн замаар орж, улсынх нь хамаг баялаг гадны банкуудад очих магадлалтай гэж үзэж байна. Африк бол дэлхийн авлигажсан тивийн сонгодог жишээ гэж хэлж болохуйц бүс нутаг юм. Африкт төрийн сан гэдэг бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон хэн нэгний хувийн өмч мэт байдаг. Эсвэл тэдний гэр бүл, найз нөхөд, улс төрийн намынх нь өмч байдаг. Тийм учраас тэнд коррупцыг дээр дооргүй тэвчихээс өөр аргагүй. Тэндхийн уул уурхайг тодорхойлж хэлвэл тэд нефть, алт, алмаз, боксит, уран, марганц, элдэв үнэтэй мод гадаад орнуудад экспортлоод байдаг. Гэтэл Африк нь ертөнц дээрх хамгийн ядуу бүс нутаг хэвээрээ үлддэг ажээ. Учир нь экспортоос орж ирдэг хамаг орлого нь авлигажсан түшмэдийн хувийн данс, төр засгийн түшмэдийн халаас руу урсаж байдаг учраас тус тив мөнхөд ядуугаараа байдаг. Тэгвэл яг ийм нөхцөл байдалд өнөөгийн Монгол улс орчихоод сууж байна. Үүний үр дүнд хэн хохирох вэ гэвэл Монгол улс, Монголын ард түмэн л хохирно. Өнөөдөр хэдэн монголчууд өдөр болгон оффшор хэмээн орилсоор байна. Харин тэдгээр оффшорчдын хулгайлсан хөрөнгө мөнгө эргээд эх орондоо эргэж ирнэ гэдэг нь үлгэрийн далай. Учир нь тэдний зөөсөн асар их мөнгө өрнөдийн банкуудад бүгд хав дараастай байгаа бөгөөд тэрхүү мөнгө нь нэр хүнд муутай мөнгө учраас эргээд эзэддээ очих нь бас нэн ховор байдаг ажээ. Ийм л дүр зураг өнөөгийн Монгол улсад 20 гаруй жил үргэлжилж байна. Энэ байдал цаашид ч үргэлжлэх нь гарцаагүй юм.
Ж.Батдорж BOLOD.mn |