Н.Цагаанхүү даргаа “Маршил таун” хотхоноор зочлооч, усны гутлаа мартав даа
С.Нямдаваа захиралтай "Эко констракшн”-ны барилгууд хэл ам татлахгүй, оршин суугчдын амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх нь тун ховор болж. Жилийн дөрвөн улиралд автомашины зогсоол нь усанд живж, эгээтэй л усны гутлын бизнес тэнд л хөгжих нигуртай байна.
Элитүүдийн гэх тодотголоор асуудлаа нуусан өндөр өртөг бүхий хотхон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт баригдсан. Тэр нь "Маршил таун” хотхон. Эл хотхон анх баригдахад хотын бүтээн байгуулалт дундаас хамгийн шилдэг нь хэмээн үнэлэгдэж Н.Цагаанхүү даргатай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар "Онц” дүн тавьж байсан нь бодит үнэн. Гэтэл өнөөдөр төрийн байгууллагыг оршин суугчтай хуурсан нь нотлогдож хотхоны хэд хэдэн байрны зоорийн "В2” давхар руу хөрсний ус нэвчиж, байнгын усан далайд "живэх” болж. Дулааны улиралд шагай хүрсэн ус туучина. Хүйтэнд мөсөн гулгуурын талбай шиг болсон зогсоолд автомашинаа байрлуулна. Хотхоны үйлчлэгч нар хөрсний усыг мянгантаа шавхавч байдал хэвээр.
Энэ талаар тус хотхоны 118 дугаар байрны үйлчлэгчээс тодруулахад "Нөхцөл байдал хүнд байна. Байнгын хөрсний ус нэвчинэ. Дулааны улиралд хувин алчуур бариад орно. Дахиад л ус. Хүйтрэхээр бүүр хэцүү, мөстөнө. Мөсөн гулгуурын талбай шиг болчихно. Мянга мөсийг зайлуулаад нэмэргүй байдалтай байна. Уг нь соруулдаг арга хэмжээ байдаг гэсэн” гэв.
Оршин суугчдын зүгээс "Эко констракшн”-ны захиргаанд нөхцөл байдалтай танилцах, арга хэмжээ авч өгнө үү гэсэн албан бичгийг удаа дараа хүргүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд гэхэд л "Маршил кинг” СӨХ-гоор дамжуулан өнгөрсөн есдүгээр сарын 5-ны өдөр "Эко констракшн” ХХК-ийн захиргаанд албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэнэ. Өнөө л хөрсний ус нэвчсэн хэвээр, зоорийн давхар битүү ус, хөлдүүс. Одоогийн байдлаар зоорийн давхрын хана, таазны будаг, шохой хуурч зарим газраар ан цав үүссэн байдалтай байна. Энэ нь оршин суугчдын айдсыг төрүүлж, автомашинаа байрлуулах нь битгий хэл орон сууц нурах вий, суулт өгсөөр нэг л өдөр аймшигт зүйл тохиолдох вий гэхээс сэтгэл түгшиж амьдрах болжээ.
Энэ талаар оршин суугчид "Нэг шоо метрийг нь 1200-2000 ам.доллараар бодож хоёр өрөө байр авсан. Хүнд хэлбэл, үнэмших юм болов уу даа. Өвөлдөө хана, тааз, шал, цонх, хаалгаар жавар үлээнэ. Зузаан мөс тогтон унжина. Өнгө мөнгөний хорвоо юм. Манай байрны В2 давхар бол авах юм байхгүй. Байнгын устай. Хүйтний ам наашилж байгаа энэ үед мөсөн бүрхүүл тогтож эхэлсэн. Автомашин байрлуулахад төвөгтэй. Унаж тусахаас эхлээд асуудал үүснэ. Гражийн төлбөр гэж сард 20 гаруй мянган төгрөг СӨХ-д төлдөг. "Эко констракшн”-ы барьсан энэ гоёмсог "харш” ёстой л "Гаднаа гяланцаг, дотроо паланцаг”. Анх хотхоныг хүлээж авсан газрыг буруутай гэж боддог. Хүний эд хөрөнгөөр улс ингэж тоглож болохгүй. Бид насан туршдаа амьдрах зорилгоор энэ байрыг худалдан авсан. Гэтэл өнөөдөр үнэн төрх ийм байна. Хөл хүрч хандах ёстой бүх газраар явсан. Нэг нь ч ирдэггүй” хэмээв.
Өөр нэг оршин суугч "Үе үе цахилгаан тасарчихдаг. Карантнаас зэвтэй ус гоожих нь хэвийн үзэгдэл болсон. 30-аад минут ус гоожуулж байж цэвэр ус уух боломжтой. Тоолууртай болохоор дэмий ус гоожуулаад байх нь өрхийн зардалд нэрмээс болох нь тодорхой. Барилгын шугам буруу холбогдсон гэсэн асуудал анх л сөхөгдөж байсан юм билээ. Хана, тааз нь тэгш бус хэмтэйгээс тавилга тавихаар бүтэн хүн орох хэмжээний зай ард нь гардаг гэх мэт нүдэнд ил харагдаж байгаа зөрчил ч их бий дээ” гэв.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү та "Ниргэсэн хойно нь хашгирах” гэгч болох гээгүй юм бол "Эко”-гийн гэх тодотголтой дээрх хотхоныг нэг зорино байгаа. Тэгэхгүй бол гурван жилийн өмнөх долоодугаар сарын 13-14-нд шилжих шөнө орсон их устай борооны үеэр тус компанийн барьсан Офицеруудын ордны ойролцоох байрны подвалд жижүүр эмэгтэй тогонд цохиулан амь нас эрсэдсэн хэрэг давтагдах вий.
Newsmedia.mn
Сэтгэгдэл байхгүй байна.