Найрал дуучнаас Төрийн нарийн бичгийн дарга
Найрал дуучнаас Төрийн нарийн бичгийн дарга хүртэл…
Эрхэм уншигч та хэний тухай өгүүлэх гэж буйг минь гадарласан буй за. БСШУС –ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэмээх үзэсгэлэнтэй бүсгүй бий. Түүнийг улс төр сонирхдоггүй зарим хүмүүст танилцуулахад жүжигчин "шүдэнз” хэмээх Б.Амарсайханы төрсөн эгч гээд дуулгачихад гэмгүй болов уу. Ингээд эрхэмсэг хатагтайн талаархи 24 баримтыг уншигч танд хүргэе.
Баримт 1
Балжиннямын Баярсайхан Улаанбаатар хотын уугуул. Нийслэлийн арван жилийн 51 дүгээр дунд сургуулийг 1987 онд төгссөн. Тэгэхээр түүний бага нас 25 дугаар эмийн сан, төмөр зам хавьцаа өнгөрсөн байж таарах гээд байна.
Баримт 2
Тэрбээр УБДС-ийг дүүргэсэн. 1996 онд онд тус сургуулийн найрал дууны ангийг дүүргэсэн. Энэ сургуулийг төгссөн, энэ сургуулиар овоглож явдаг олон олон эрхэм улс төрд хөл тавьсны нэг нь БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан.
Баримт 3
Түүний үндсэн мэргэжил найрал дуучин. Монголын төрд эдүгээ урлагийн салбар тэр дундаа дууны урлагаас улс төрөөр амьсгалж, улс төрч хийгээд улс төрийн албан тушаал хашиж яваа хоёр хүн бий. Мэдээж төр түшилцэж яваа нь УИХ-ын гишүүн С.Жавхлан. Түүний араас жирийлгэж яваа нь Б.Баярсайхан.
Баримт 4
Б.Баярсайхан боловсрол мэдлэгээ байнга ахиулж байдаг нь түүний намтраас харагддаг. Мянга мянган залуучууд ганзага үүрэн, гахай зөөж явсан тэр л он жилүүдэд мань хүн эрдмийн мөр л хөөгөөд байж. Тодруулбал, МУБИС дараа МУИС төгсч. Гэхдээ юуны анги дүүргэв гэдэг нь намтарт нь алга. Жилийн дараа дахиад л оюутны ширээний ард суусан нь Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курс.
Баримт 5
Сурч, мэдсэндээ сэтгэл ханаагүй бүсгүй дараагийн дээд курсээ хилийн чинадад үргэлжлүүлсэн байдаг. Тодруулбал, 1999 онд BBC телевиз өргөн нэвтрүүлгийн сургалт мөн ондоо багтаж Израйлийн Гадаад хэргийн яамны сургалтын төв, 2000 онд Ирландын Дублины англи хэлний сургууль, 2002 онд АНУ-ын Вашингтоны үндэсний их сургууль, 2004 онд Монгол Улсын Удирдлагын институт, 2012 онд АНУ-ын Удирдлагын институт гэхчилэн хөвөрнө. Намтарт дурдсан бүхэн нь гайхалтай. Гэхдээ курс үү, дамжаа юу гэдэг нь тодорхой бус. Вашингтоны их сургуулийг хоёрхон жилийн дотор сурч дүүргэсэн гэхээр шүтэн бишрэхээс өөрөөр яалтай билээ.
Баримт 6
Харамсалтай нь сурсаар байсан атлаа доктор цол хамгаалж амжаагүй юм билээ. Эдүгээ Төрийн нарийн бичгийн даргын нүсэр их ажлын хажуугаар доктор цол хамгаалах гээд харайлгаж яваа ч байж мэдэх юм. Эрх зүйч, сэтгүүлч, багшийн мэргэжлээрээ бус нийгмийн ухааны чиглэлээр магистр цол хамгаалжээ.
Баримт 7
ажиллаагүй бололтой. Шууд л хэвлэл мэдээлэл тэр дундаа телевизийн салбарт хөл тавьжээ. Ажлынхаа гарааг Монголын Үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгчөөс эхэлсэн байна.
Баримт 8
Телевизийн хөтлөгч байснаа редактор, улмаар Монгол Улсын Дээд Шүүхэд сэтгүүлийн нарийн бичгийн дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаад амжиж. Ийн хэлэхийн учир мэргэжлийн сэтгүүлчийн диплом өвөртлөөгүй байхдаа л редактор, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байх юм. Тэр бүү хэл, "Ийгл” телевизэд парламентын сэтгүүлчээр ажилласан хэмээн намтартаа дурдаж. Гэвч парламентын сэтгүүлчээр домог болтлоо ажилласан нөхдүүд түүнийг ер санахгүй юм байна гэцгээв.
Баримт 9
Тэрээр бас босго өндөртэй "MCS” группийн PR менежерээр ажиллаад амжиж. Үүний дараа "Ийгл” телевизийн маркетингийн албаны дарга улмаар телевизийнхээ Гүйцэтгэх захирлаар ажиллажээ.
Баримт 10
"Ийгл” телевизид ажиллаж байхдаа албаны хөрөнгө мөнгө шамшигдуулж, хувьдаа ашигласан хэмээх шалтгаанаар гадаад захиралтайгаа муудалцан улмаар шүүхдэлцэж байсан хэмээн нэгэн үе түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдүүд нь өгүүлцгээдэг. Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоныхоо дараа ч сайдтайгаа хэл амаа ололцохгүй шүүхдэлцээд амжсан. Гэхдээ ялсан шүү, хөөрхий. Яах аргагүй УДШ-д ажиллаж байсны улбаа, хаялга байдаг биз, ямартай ч заргаа авч байж л салдаг бүсгүй дээ.
Баримт 11
Төрийн нарийн бичгийн даргын нүсэр их ажлын хажуугаар Монголын үндэсний пресс клубийн ерөнхийлөгч, Олон улсын пресс клубуудын холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг байна. Нэгэн үе "ОК” хэмээх америк сэтгүүлийг Монголд оруулж ирлээ хэмээн сүр дуулиантай, гялгар цалгар нээлт хийж байсан ч тэр сэтгүүл тэгэсхийгээд гарахаа больсон. Гэхдээ үүнийгээ намтартаа дурдах дургүй бололтой юм билээ. Мэдэгдэж байгаа нь энэ. Мэдэгдээгүй, намтартаа бичээгүй сонгуульт албан тушаал байхыг ч үгүйсгэхгүй. Төрийн цаг наргүй ажил, төрийн бус байгууллагын тэргүүн, дэд тэргүүний сонгуулиудыг зэрэг авч явна гэдэг хувь хүнээс ихээхэн хүч хөдөлмөр, зүтгэл шаарддаг биз ээ.
Баримт 12
Эрхэмсэг хатагтайн улс төрийн амьдрал Зүүний хүчний холбоонд нэр нь дуулдах үеэс эхтэй. Түүнийг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн гэх нь бий. Харин улс төрийн хүрээнийхний яриагаар бол М.Энхболд түүнийг өөд нь татсан гэх. Ямартай ч нам нь түүнийг эл албан тушаалд томилсон.
Баримт 13
МАН –ын удирдлагууд Б.Баярсайханыг ирээдүйтэй улстөрч эмэгтэйчүүдийн нэг хэмээн үздэг юм билээ. Тэр утгаараа ирэх УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн байхад гайхаад байх зүйлгүй. Тойрон хүрээлэгчид хийгээд дэмжигчид олонтой хүн шүү дээ.
Баримт 14
Баримт 14 У. Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдан Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцээд Б. Баярсайханы нэр чих дэлссэн. Гэхдээ дүүгийнх нь МАН-ын удирдлагуудад үзүүлсэн шахалт нөлөөлсөн гэх худал үнэн нь үл мэдэгдэх яриа тухайн үед МАН-ын саарал ордны хонгилоор дэгдэж байлаа.
Баримт 15
Балжиннямын улс төрч охин 2016 оны аравдугаар сард БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон
Баримт 16
Гэвч есөн сарын дараа үүрэгт ажлаасаа гэнэтхэн чөлөөлөгдсөн. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат "Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй” үндэслэлээр 2017 оны долдугаар сард БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж байлаа.
Баримт 17
Шийдвэр гэнэтийн учраас үйл явдал өрнөөд дууссаны маргааш үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай мэдээллийг хэвлэлээс олж уншсанаа тэрээр ярьсан байдаг. Энэ тухайгаа” Миний хувьд шийдвэрийг сая л хэвлэлээс харлаа. Би ажил дээрээ сууж байна. Надад энэ талаар Засгийн газраас холбогдож , албан ёсоор мэдэгдээгүй. Г.Чулуунбаатар сайд "Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ярилаа. Танай төрийн нарийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллах боломжгүй” гэж байна гэхэд нь гайхаад л өнгөрсөн. Над руу 26-тай утаснаас л ярьсан гэж хэлсэн. Гэхдээ би яамаа сайн удирдсан. Боловсролын яамны хийж байгаа ажлын үр дүн хүүхдүүдэд л очих ёстой. Ийм байлгахын төлөө тэмцсэн гээд намайг ажлаас чөлөөлж байх шиг байна. Төрийн тендер, худалдан авах ажиллагааг шударга, томилгоог чадварлаг болгох зорилго тавьсны төлөө ийнхүү ажлаас чөлөөлж байна” хэмээн сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлж байв.
Баримт 18
Өмнө нь заргаа авч, нэр төрийг сэргээлгэж чадсан тэрбээр дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан . Шүүх ч ажлаас нь үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 217 дугаар тогтоолыг хүчингүй болгоод зогсохгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан урьд эрхэлж байсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах шийдвэрийг гаргасан билээ.
Баримт 19
Гурван төрийн нүүр үзсэн буурай гэдэг шиг Б.Баярсайхан гурван дахь сайдынхаа нүүрийг үзэж яваа төрийн нарийн бичгийн дарга. Гэхдээ тэдний хэнтэй нь ч гар нийлж ажиллаж чадаагүй. Боловсролын яамны босго алхсан даруйдаа тухайн үеийн сайд Ж.Батсуурьтай тар тур хийж, "би чи”- дээ тулсан. Тэр байтугай нэр бүхий сонин, хэвлэлүүдээр Ж.Батсуурь сайдыгаа "балбуулсаар” байж сайдын суудлаас нь мулталсан, энэ нь Ж.Эрдэнэбатын засаг унах үүд хаалгыг цэлийтэл нээж өгөх нэг өгөөш болсон хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Дараахан нь томилогдсон Г. Чулуунбаатар сайдтайгаа ч ойлголцоогүй, эцэст нь БСШУСЯ-ны газрын дарга нарын өргөх бичгээр ажлаасаа халагдаж байсан. Эдүгээ Ц.Цогзолмаатайгаа ч таарамж муутай гэх яриа гарсаар байгаа.
Баримт 20
Б.Баярсайханыг төрийн өндөр дээд албан тушаалд томилогдоход салбарынхан нь элдвээр л гоочилсон. Төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй, нэг ч цагийн хичээл зааж үзээгүй хүнд боловсролын салбарын хувь заяаг атгууллаа гэх мэтчилэн. Ингэхэд мань хүн төрийн албаны шалгалт өгсөн байгаа. Төрийн албаны хуулинд төрийн албанд дор хаяж 10 жил ажилласан хүн Төрийн нарийн бичгийн дарга байх ёстой гэх шалгуурыг хэрхэн давсан юм бол? Намтарт нь төрийн алба гэсэн нэг ч үг өгүүлбэр байгаагүй дээ.
Баримт 21
Б.Баярсайхан нам жимхэн аж төрөх нь үгүй. Байсхийгээд л хэвлэлийн баатар болчихно. Саяхан гэхэд л хүүхдийн тоглоомын талбай булаацалдсан хэрэгт нэр холбогдоод авсан. Нэгэн сайт "Нийслэлийн Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэр, олны мэдэхээр 40 мянгатын 12,13-р байрны урд талын хүүхдийн тоглоомын талбайг оршин суугчдийн хүсэлтийн дагуу тохижуулж эхэлсэн боловч "ОК” төвийн эзэн гэх, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы тушаалаар ажлаа зогсоожээ. Тус тоглоомын талбайн тодорхой хэсгийг мань хүн эзэмшдэг ажээ” гэж мэдээлсэн байв.
Баримт 22
Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үзэсгэлэнтэй сайхан бүсгүй учраас амьдрал нь хэн бүхний сонирхлыг татдаг биз ээ. Ямартай ч түүнийг хоёр дахь амьдралаа зохиосон гэдгийг шар хэвлэлүүд олон нийтэд ил болгожээ. Анхны амьдралаасаа 2 хүүхэдтэй байсан тэрээр эрийн тэнгэртэй бүсгүй. Өдгөө түүний хайр сэтгэлээ өгсөн, насны зөрүүтэй залуу нь Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгааны хэлтсийн дэд даргаар ажилладаг.
Баримт 23
БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргынх "Вилла веста” хэмээх баячуудын хотхонд аж төрдөг гэнэ. Тэгэхээр түүний хөрөнгө тэрбумаар хэмжигдэх биз ээ. Мань хүн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг нэгэн бололтой. Багш нарын баярын арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан / яамны хэмжээнд / чөлөөт тэмцээний үеэр бенз бандаашаа хүртэл "өргөн” барьж, төрийн захиргаа удирдлагын газрын багаа аварсан талаар яамныхан дээр дооргүй ярих юм билээ.
Баримт 24
Тэрээр христийн шашин шүтдэг. Сүсэг бишрэлдээ ч үнэнч, сүсэг бишрэл нь ч түүнд их зүйл өгсөн байдаг. Жишээ нь "Ийгл” телевизэд гэхэд чухам Христийн шашинтан учраас анх ажилд орсон байдаг. /Тэр үеийн "Ийгл” телевиз Христийн шашны шугамаар Монголд орж ирж үйл ажиллагаа явуулж байв/. Энэ шашны баяр болох "Өгөх өдөр”-ийг мөн л Б.Баярсайхан санаачилж, энэ жил бүр "Үндэсний өгөх өдөр” гэдэг том нэрэн дор яамны хэмжээнд нэлээн том арга хэмжээ зохион байгуулсан. Хэдийгээр энэ нь төрийн албыг харийн шашны үзэл сурталтай холилоо гэх шүүмжлэлийг хүртсэн боловч тэр чадсан. Хэн юу гэж хэлэх нь хамаагүй, ямартай ч найрал дуучнаас төрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ өсч өндийсөн бүсгүйн намтар түүх нэг иймэрхүү.
24barimt.mn