Д.Цэндээхүү: Хүүхэд, ахмад настнууд вакцин хийлгэх ёстой
Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүүтэй ярилцлаа.
-Томуу, томуу төст, вирусийн гаралтай амьсгалын замын цочмог өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Өвчний дэгдэлт жил бүр аравдугаар сараас эхлэн дараа жилийн дөрөвдүгээр cap хүртэл үргэлжилдэг. Амьсгалын замын эдгээр өвчнөөр цэцэрлэгийн, сургуулийн бага ангийн хүүхдүүд дунджаар жилд 5-8 удаа, насанд хүрэгсэд 2-5 удаа өвчилдөг.
Вирусийн гаралтай олон төрлийн өвчнийг нийтэд нь ханиад гэсэн нэг нэрээр олон нийтийн дунд нэрлэж хэвшсэн. Хүнд хэлбэрийн томуугийн халдвараас бусад томуу, томуу төст өвчин нь хурц үедээ амь насанд аюултай чанар нь бага боловч уушгины хатгалгаа, дунд чихний идээт үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл зэрэг нянгийн хоёрдогч халдвараар хүндэрч хүнд өвчинд хүргэх аюултай.
Эдгээр өвчин өргөн тархаж иргэдийг эрүүл мэндээр нь хохироохоос гадна хөдөлмөрийн чадвар алдахад хүргэж хувь хүн, гэр бүл, нийгэмд эдийн засгийн хохирол учруулдаг. Эрүүл мэндийн ажилтан бидний гол үүрэг бол дээр дурдсан эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх явдал юм. Амьсгалын замын вирусийн гаралтай хурц халдвараас урьдчилан сэргийлж, өвчилсөн тохиолдолд хүндрүүлэхгүй өндөр идэвхтэй аюулгүй эмээр эмчилж эдгээх нь чухал юм.
-Гэрийн нөхцөлд урьдчилан сэргийлэх ямар энгийн арга байдаг юм бэ?
-Өвчний дэгдэлтийн үеэр олон нийтийн газраас зайлсхийх хэрэгтэй. Мөн гараа тогтмол угааж ариутгах, өдөр бүр гэр орон, албан тасалгаанд агаарын солилцоо болон чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх. Зөв хооллох, уураг, аминдэмээр баялаг хүнс хэрэглэх, хувийн ариун цэвэр тогтмол сахих, гараа савандаж угаах, хамар, залгиур хоолойгоо содатой ус, давсны сул уусмал физиологийн уусмалаар зайлаарай. Ханиад томууны дэгдэлттэй хүйтэн улирлыг угтан биеэ чийрэгжүүлэх (зун, намраас), өвчилсөн хүн өөрийгөө зөв эмчилж, бусдад халдвар тараахгүй талаас нь анхаарах. Тухайлбал, амны хаалт зүүх, нус цэрээ ил хаяхгүй байх, ам хамраа нэг удаагийн цаасан алчуураар хааж халхалж найтааж, ханиах хэрэгтэй.
-Томуугийн өвчний үед вакцин хийлгэх нь хэр нөлөө үзүүлдэг юм бол. Ямар хүмүүс хийлгэвэл илүү үр дүнтэй вэ?
-Хүнд хэлбэрийн томуугаас урьдчилан сэргийлэх орчин үеийн хамгийн гол арга бол вакцин хийлгэх. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу томуугийн болон амьсгалын замын вирусийн тархах магадлалыг судлан тогтоосны үндсэн дээр тухайн жилд тархах магадлалтай вирусийн эсрэг тохирох вакциныг үйлдвэрлэж түгээдэг. Иймд томуугийн эсрэг вакциныг жил бүр өвөл хүйтний улирлыг угтаж хийлгэх нь хамгийн зөв сэргийлэлт.
Томуугийн вакцин нь вирусийн гаралтай халдварт бүх өвчнөөс сэргийлэхгүй. Зөвхөн амь насанд аюултай хүнд хэлбэрийн халдвараас сэргийлнэ. Бага насны хүүхэд, 65-аас дээш насны ахмад настнууд болон архаг эмгэгтэй хүмүүс вакцин хийлгэх ёстой.
-Ямар эмээр эмчилж болох вэ?
-Дархлаа сайжруулах, вирусийн эсрэг үйлчилгээтэй Ланавир эм нь вирусийн гаралтай ханиаданд үр дүнтэй байна. Минигрип, миксафлу, миксагрип эмийн найрлагад ханиад, томууны эсрэг хамгийн өргөн хэрэглэгддэг парацетамол 125 мг, 500 мг агуулсан байдаг. Энэ нь ханиад харшил дарах, хамрын битүү онгойлгох үйлчилгээтэй дан ба нийлмэл найрлагатай юм. Энэ гурван эм нь манай оронд 20 гаруй жил хэрэглэж байгаа хамгийн үр дүнтэй, хямд үнэтэй эм. Бүх эмийн санд худалдаалагдаж байна.
Дархлаа сайжруулах бэлдмэл хэрэглэх нь урьдчилан сэргийлэх, эмчлэхэд нэгэн адил ач холбогдолтой байдаг тул эхинацея ургамал болон цинк агуулсан Проза эмийг сироп хэлбэртэй хэрэглэснээр биеийн дархлааг сайжруулж халдвараас сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хүндрэхгүй эдгэх чухал ач холбогдолтой.
-Өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ авах вэ?
-Дулаан орчинд гэртээ амрахад хүндрэхгүй эдгэрэхээс гадна бусдад халдварлахгүй. Мөн хангалттай унтах, өрөө тасалгааг чийгтэй цэвэрлэж, цэвэр агаар оруулах хэрэгтэй. Бас эмчийн зөвлөмжийн дагуу эм хэрэглэх, халуун бүлээн шингэн сайн уух, эрдэс бодис, аминдэмээр баялаг хүнсээр хооллох. Үүнд аньс, нэрс, чацарганын шүүс орно.
Хүүхдийн витаминууд, Цереброфорт, сакатоник ABC, өндөр тунтай аскорбины хүчлийг хэрэглэх нь ханиад томууг хурдан эдгэхэд сайнаар нөлөөлнө. Дээр дурдсан арга хэмжээг авахаас гадна ханиад хүндэрвэл сироп хэлбэрийн антибиотик болох Опитроцин эмийг эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.
Зууны мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.