Ц.НЯМДОРЖ САЙДАА, ЖДҮ-Д НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮДИЙГ УУЧЛАХГҮЙ ГЭСЭН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭРЭЙ
Уг нь Халдашгүй байдлын дэд хороог ахалдаг УИХ-ын гишүүн, ХЗДХ сайд Ц.Нямдоржийн ЖДҮХ сангийн асуудал сөхөгдөхөд "Бүтэн хоёр жил буюу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хойш энэ асуудлыг л ярьсан. ЖДҮХ сангийн асуудал далим боллоо. ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийг ёс зүйн хувьд уучлахгүй. Хуулийн асуудал эцэслэгдээд УИХ-д ороод ирэх юм бол яг хуулийн дагуу хандана, өмөөрөхгүй. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ыг тараана гээд улс төрийн тогтворгүй байдлыг үүсгээд байгаа шүү дээ” хэмээн мэдэгдсэн. Иймээс Хууль зүйн сайд хуулиа хэрхэн дээдэлж дээрх амлалтаа хэрхэн биелүүлэхийг л харах үлдэж байна.
Нэг зүйлийг тодотгоход УИХ гишүүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн ЖДҮХ сангийн хүмүүс нь цагдан хоригдоод багагүй хугацаа өнгөрсөн. Иймээс шийдвэр гаргагчид нь хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй бүрэн эрхээрээ халхавч хийн Төрийн ордон хануур хорхой шиг шигдэх нь хэтэрхий увиагүй үйлдэл. Нэгэнт ЖДҮХ сангийн асуудалд нэр холбогдсон дөрвөн гишүүний асуудал ийнхүү сөхөгдсөн. Иймээс Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та, шударга ёсны төлөө ЖДҮ-чин гишүүдэд өршөөлгүй хандаж, бүх ЖДҮ-чин гишүүдийн бүрэн эрхийн түдгэлзүүлэх саналаа удахгүй ээлж дараагаар нь УИХ-д оруулж ирэхийг олон нийт хүсэж байна !!!