ӨСВӨР НАСНЫ хүүхдээс үйлдсэн нийт гэмт хэргийн 48,0 хувийг ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ эзэлж байна
Улсын хэмжээнд 2018 онд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт 741 гэмт хэрэг бүртгэгдсэнийг ангиллаар нь авч 356 буюу 48.0 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 185 буюу 25.0 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 68 буюу 9.2 хувь нь дээрэмдэх, 40 буюу 5.4 хувь нь залилах, 13 буюу 1.8 хувь нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, 79 буюу 10.6 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг байна.
Гэмт хэрэгт холбогдогчдын 44.6 хувь нь 14-15 насны, 55.4 хувь нь 16-17 насны хүүхдүүд байна.
Гэмт хэрэг гарахад нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинжтэй олон хүчин зүйл нөлөөлдөг боловч гэр бүлийн орчин, эцэг, эхээс хүүхдэд тавих анхаарал халамжтай холбоотой дараах нөхцөл байдлууд хүүхдийн хүмүүжил, ухамсарт нөлөөлөх гол шалтгаан болж байна.Үүнд:
1. Бусдын нөлөөнд амархан ордог. Хүүхэд сэтгэлзүй, зан төлөв, оюун ухааны хувьд бүрэн гүйцэт төлөвшөөгүй байдаг учир түүнийг хүрээлж буй гэр бүл, эцэг,эх, найз нөхөд, ойр дотны хүмүүсийн нөлөөн давтахад маш амархан.Орчин тойрны хүмүүсийн ааш, зан яриа өгүүлэл, биеэ авч яваа байдал, бусдын үлгэргүй байдлаас шалтгаалж хүүхэд буруу зүйлийг илүү сонирхох, суралцах, үзсэн зүйлээ туршихыг хүсэх нь улмаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг.
2. Амар хялбар аргаар мөнгөтэй болох хүсэл. Насанд хүрээгүй хүний тухайд эдийн засгийн хувьд бусдаас хараат байдгаараа онцлог байдаг. Өөрөөр хэлбэл хоол хүнс, хувцас, орон байрны хэрэгцээг түүний эцэг, эх болон харгалзан дэмжих үүрэгтэй этгээдүүд хангаж байдаг. Хүүхэд өөрийнх нь хэрэгцээг хангаж чадахгүй нөхцөлд амьдралын түвшин хамаарахгүйгээр гэмт хэрэг үйлдэж, олсон мөнгөөрөө хоногийн хоол хүнс, хэрэгцээт зүйлс авахаасаа илүүтэй цахим тоглоом тоглох, ууж идэх, үзвэр үзэх зэргээр зугаацахад зарцуулж байна.
3. Чөлөөт цагийг өнгөрүүлэх газар дутмаг. Хүүхдэд зориулсан биеийн тамирын талбай, тоглоомын төв, усан бассейн, спортын цогцолбор, хүүхдийн ордон зэрэг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газар хомс, үйл ажиллагаа явуулж байгаа зарим газрууд нь өндөр төлбөртэй байгаагаас хичээлийн бус цагаар хэсэг бүлгээрээ нийлж, гадуур тэнэж сэлгүүцдэг.
4. Гэр бүлийн орчин. Хүүхдийн буруу хүмүүжил, нийгэмд харш зан төлөв нь гол төлөв гэр бүлийн хүрээнд тогтдог бөгөөд гэр бүл дэх таагүй уур амьсгал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салах зэрэг нь хүүхдэд сөргөөр нөлөөлж байнгын стресст орох, уур бухимдлаа бусдад гаргах, хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг.
5. Хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд чиглэгдсэн хичээл сургалтын чанар. Ерөнхий боловсролын сургуулиудад "Иргэний боловсрол” болон "Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа” хичээлээр сурагчдад гэмт хэрэг, зөрчил, гэмт хорын тухай ойлголтыг тодорхой цагаар заадаг боловч хичээлийн агуулга нь өнөөгийн шаардлагатай уялдаагүй, багшлах боловсон хүчин дутмаг зэрэг шалтгаанаар төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Сурагчдын тоо олон, зарим үед 3 ээлжээр хичээллэдэг учир хичээлийн бус цагаар хүүхдийн хүмүүжилд чиглэсэн ажил, арга хэмжээ бараг зохион байгуулагддагүй.
6. Хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт хангалтгүй.Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас эрх нь зөрчигдсөн хүүхдийн асуудлаар "Хүүхдийн хууль зүйн хороо”, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн асуудлаар "Хамтарсан баг” ажиллахаар заасан боловч хэрэгжилт нь хангалтгүй, стандарт MNS 6444:2014 буюу "Сургуулийн бүс”-ийн техникийн ерөнхий шаардлагын дагуу сургуулийн орчинг тохижуулаагүй, сургуулийн автобусны тоо бага, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн талаар эцэг, эх, сурагчдын мэдлэг хомс, эцэг, эхчүүд хүүхдийг зориулалтын дагуу тээвэрлэдэггүй, бага насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулдаг, эсхүл хүүхдийг хүүхдэд нь даатгаж /ах, эгчээр нь хүргүүлэх гм/ хөдөлгөөнд оролцуулдаг зэрэг байдлууд нь хүүхэд зам тээврийн осолд өртөхөд ихээр нөлөөлж байна.
7. Цахим орчин дахь хяналтгүй, сөрөг мэдээлэл. Мэдээллийн технологи, цахим орчин, гар утаснь хувьхүн, нийгмийн амьдралд шинэ дэвшлийгавч ирсэнхэдий ч энэ нь хүүхдийн тухайд садарсамуун, хүчирхийлэл, гэмт хэргийн тухай санаа, сэдэл өгч, донтолт, ганцаардлыг бий болгох гол нөхцөл болсоор байна. Тухайлбал: Хүүхэд өсвөр үеийнхний бие бялдар, оюун санаа, нийгэмшихүйд туйлын муу сөрөг нөлөөтэй гэдэг нь олон улсын болон үндэсний түвшний судалгаануудаас тодорхой харагдаж байна.
Гэр бүлийн орчин, эцэг, эх-хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь:
Өнөөдөр манай улсын хувьд нийт хүн амын 34.6 хувийг 0-18 насны хүүхэд эзлэж байгаа бөгөөд хүүхдийн эрхийг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд гэр бүл, эцэг, эх бидний оролцоо хамгийн чухал юм.
Учир нь хүүхдийн өв тэгш хүмүүжил, төлөвшилд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал нэн чухал төдийгүй аз жаргалтай, бие биенээ ойлгодог, хүндэлдэг, сонсдог гэр бүлд хүүхэд бие бялдар, оюун ухааны хувьд өв тэгш хүмүүждэг байна.
Хүүхдийг зөв хүн болгон хүмүүжүүлэх, төлөвшүүлэх асуудал бол гэр бүл, эцэг эхээс шууд хамаардаг гэдгийг бид бүхэн мэддэг хэдий ч, өдөр тутмын алба, амины ажил гэж зүтгэсээр... нэг л мэдэхэд хүүхэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн улмаас эрх ашиг нь хохирох, хүчирхийлэлд өртөх, зам тээврийн осолд орох, хаягдах, төөрөх, архидан согтуурах, мансуурах, цахим тоглоомонд донтох, биеэ үнэлэх, гал түймэр, гол усны аюул, ахуйн осолд өртөх зэрэг олон асуудлын улмаас амь нас, эрүүл мэнд нь хохирсоор байна.
Монголчууд "Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа”, "Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу” гэж сургадаг. Энэ нь хүүхдэд багаас нь хайр энэрлийг өгч, анхаарал, халамж тавьж, зөв дадал хэвшилтэй болгож хүмүүжүүлэхийн ач холбогдлыг цөөн үгээр илэрхийлсэн хэрэг.
Хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах нь зөвхөн сайн эцэг, эхийн ухамсар, амьдралын туршлагатай холбоотой бус, бүх эцэг, эхчүүдийн хуулиар хүлээсэн заавал биелүүлэх ёстой үүрэг юм.
Энэ талаар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөдөр үйлчилж байгаа Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд "Хүүхдийн хүмүүжил, төлөвшил”-ийн талаар, 10 дугаар зүйлд "Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хариуцлага”-ын талаар тодорхой тусгасан байдаг.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд "Хүүхдийн эрхийг зөрчих” гэсэн бүлгийг шинээр оруулж хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хоёр зуун нэгжээс гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, дээрх үйлдлийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хор уршиг учирсан, амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлгийн 16.11 дүгээр зүйлд заасны дагуу дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр Цагдаагийн албаны тухай хуулинд тусгайлсан заалтыг оруулж, холбогдох журмуудыг боловсруулан батлуулж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр чиг үүргийнхээ хүрээнд хурал, зөвлөгөөн, уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг, сургалт, сурталчилгааны ажлуудыг тасралтгүй зохион байгуулж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй хүүхдэд захиргааны хяналт тогтоох, хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж байгаа боловч хүүхэд бүрт хүрч чадахгүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна.