Улсын нэг, хувийн 11 компани ШАХМАЛ ТҮЛШ үйлдвэрлэж байна

0

Улсын нэг, хувийн 11 компани ШАХМАЛ ТҮЛШ үйлдвэрлэж байна

 

Улс орны эдийн засгийг урагшлуулахад том нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулах үүргийг сайд нар хүлээгээд буй. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх /2019.02.13/ Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт үүрэг өгч, "Эрдэнэс Таван толгой”-н IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажил, Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх, Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотой асуудал, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл зэрэг бүтээн байгуулалтын ажлыг танилцуулахыг даалгасан билээ.

 

УТАА, АГААРЫН БОХИРДЛЫГ 50 ХУВЬ БУУРУУЛНА

 

Одоогоос яг жилийн өмнө Засгийн газраас утаа, агаарын бохирдлыг багасгах зорилгоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан.

 

Өнөөдөр Улаанбаатар хотод 220 мянган ширхэг жижиг оврын яндан бий гэсэн тооцоолол байдаг. Өөрөөр хэлбэл, энэ тооны өрх түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн үг. Дээр нь 3000 орчим нам даралтын зуух байдаг. Энэ бүхнээс гарсан утаа иргэдийн амь насанд "заналхийлж" байна гэдгийг  албаныхан хэлдэг.

 

Түүнчлэн дээрх 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байна. Тэгвэл ирэх тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсний хэрэглээг халснаар энэ тоо хоёр дахин багасч, нийслэлчүүд жилд 600 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоо гарчээ. Энэ ч утгаараа ирэх өвлөөс эхэлж Улаанбаатарын утаа, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газраас үзэж байна.

 

УЛСЫН НЭГ, ХУВИЙН ХЭВШЛИЙН 11 КОМПАНИ ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан "Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэргэд "Таван толгой түлш” ХХК байгуулсан. Энэхүү сайжруулсан шахмал түлшний компани нь жилд 600 мянган тоннын хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын 220.000 өрхийг шахмал түлшээр 100 хувь хангах боломжтой юм.

 

Гэхдээ эхний удаад "Таван толгой түлш” ХХК гэр хорооллын айл, өрхийн 65 хувийг л шахмал түлшээр хангах үүрэг хүлээгээд байгаа билээ. Учир нь, үлдсэн 45 хувьд нь хувийн хэвшлийн 11 аж ахуйн нэгж сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, худалдаанд гаргах юм. Тэд өнгөрсөн онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой гэрээ байгуулж, квотоо авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.

 

Товчхондоо улсын нэг компани, хувийн хэвшлийн 11 аж ахуйн нэгж сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, ирэх өвлөөс гэр хорооллын 220.000 өрхийн хэрэглээг хангахаар ажиллаж байна. Үүний үр дүнд нийслэлчүүдийн "шүдний өвчин”, "мөнхийн сэдэв” болсон утаа, агаарын бохирдол 50 хувиар буурна гэж үзэж байна.

 

Н.ЦЭРЭНБАТ: ГЭРЭЭГЭЭ ХАТУУ ЧАНД САХИЖ, ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙНА

 

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын зүгээс сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа улсын нэг, хувийн хэвшлийн 11 аж ахуйн нэгжид хяналт, шаардлага тавин ажиллаж байна. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Засгийн газраас ирэх өвөл гэхэд нийслэлчүүдийг 100 хувь сайжруулсан шахмал түлшээр хангана. Засгийн газрын зүгээс хэн нь ямар шатанд ажиллаж байгаа зэргээс нь хамаарч энэ онд шахмал түлш нийлүүлэх квотыг дахин хуваарилна.

 

Учир нь, эдгээр аж ахуйн нэгж өөрсдөө "Чадна, оролцоно” гэж хэлээд гэрээгээ байгуулсан. Түүнээс  тэдэнтэй хүчээр гэрээ байгуулаагүй, ажил өгөөгүй. Бид нэг ч компанид санал тавиагүй болохоор гэрээнийхээ гүйцэтгэлийг хатуу чанд сахиж, үүргээ биелүүл гэсэн шаардлагыг тавьж байна” гэх байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа билээ.

 

ШУУДАЙ ШАХМАЛ ТҮЛШ 3750 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

 

Төр, засгийн зүгээс сайжруулсан шахмал түлшний үнийг тогтоож өгсөн. Ингэхдээ нэг тонн сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулахыг хориглосон билээ. Энэ нь нэг тонн түүхий нүүрсний үнээс даруй хямд бөгөөд иргэдийн эдийн засагт ч дарамт үүсгэхгүй гэж тооцоолж байгаа юм.

 

Тэгвэл "Таван толгой түлш” ХХК болон сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийн 11 аж ахуйн нэгж бүгд нэг тонныг нь 150 мянган төгрөг, 25 кг-аар шуудайлсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулахыг тооцоолж, нөөцөө бэлтгэж байна. Ингэхдээ иргэдэд шахмал түлш худалдан авч хэрэглэхэд хялбар, сонголттой байдлыг нь харгалзан үзэж, дөрвөн төрлөөр савалж, худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг тонн, 600 кг, 25 кг болон задгайгаар борлуулахаар төлөвлөөд байгаа талаар албаныхан хэлж байна.

 


 

 

 

 


 

Б.Эрхэс

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.