ОХУ-ын цэргүүд Венесуэлд очсоныг буруушаав
Цэргийн алба хаагчид болон ачаа бүхий ОХУ-ын хоёр нисэх онгоц Венесуэл улсад очсоныг Америкийн улсуудын байгууллага /АУБ/ буруушаав. Холбогдох мэдэгдлийг тус байгууллагын цахим хуудсанд нийтэлжээ.
"Оросын цэргүүд Венесуэл улсын Үндэсний ассамблейн /нэг танхимтай парламент/ зөвшөөрөлгүйгээр, хууль бус Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр тус улсын нутаг дэвсгэрт саяхан нэвтэрснийг АУБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар буруушааж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
ОХУ-ын цэргийн алба хаагчид Венесуэлд очсон нь "тус улсын тусгаар тогтнолд хор хөнөөл учруулна” гэж тус байгууллагын удирдагчид үзэж байгаа аж.
Цэргийн алба хаагчид болон 35 тонн ачаа бүхий "Ан-124” болон "Ил-62” загварын нисэх онгоц Каракас хотын Симон Боливарын нэрэмжит Майкетия олон улсын нисэх онгоцны буудалд гуравдугаар сарын 23-нд газардсан тухай "El Comercio” сонин урьд нь мэдээлжээ.
Үүний дараахан "Associated Press” агентлаг Венесуэлийн Засгийн газрын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлахдаа, ОХУ-ын хоёр нисэх онгоц Каракас болон Москва хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд Венесуэлд ирлээ гэсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр, Оросын цэргийн алба хаагчид Венесуэлийн Зэвсэгт хүчний техникүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх болон зэвсэг, техниктэй хэрхэн харьцахыг зааж сургах зорилгоор тус улсад ирсэн байна. Оросууд мөн Венесуэлийн түншүүдтэйгээ стратегийн асуудлуудыг хэлэлцэх аж.