Сирид Үндсэн хуулийн хороо байгуулах ажлыг түргэтгэхээр тохиролцжээ
ОХУ болон Турк улсын эрх баригчид Сирид Үндсэн хуулийн хороо байгуулах ажлыг түргэтгэхээр тохиролцжээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна.
"Бид НҮБ-ын түншүүдтэйгээ, Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэнтэй хамтран ажиллаж, тус улсад Үндсэн хуулийн хороо байгуулах ажлыг түргэтгэхээр тохиролцлоо. Ийм хороо байгуулснаар манай Барууны орнуудын эрх баригчид болон бусад хамтран ажиллагсад маш ихээр ярьдаг Женевийн үйл явцыг эхлүүлэхэд тусална гэдэгт бид итгэлтэй байна” гэж Лавров хэлжээ.
Түүний хэлснээр, Сирийн асуудлыг зохицуулах Астанагийн уулзалт нь тус улсын маш олон асуудлыг шийдвэрлэх яриа хэлэлцээний цорын ганц үр дүнтэй хэлбэр хэвээр байна.
Туркийн Анталья хотод өнөөдөр Орос-Туркийн стратегийн төлөвлөлтийн бүлгийн уулзалт болж байгаа юм. Уг уулзалтын хүрээнд мөн хоёр талын хамтын ажиллагааны 2019-2020 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.