ХЭЦҮҮ НЭРТ ХААН
Монгол гэж тэр цагт тийм сайхан улс гүрэн байсныг энэ цагт ийм болгочихсон байхыг харахуйя зүрхээ даран дэмий л баахан цухалдаж, сэмхэн санаа алдан шогширно. Гэвч аргагүй юманд арга байхгүй гэхээс гадна үл мэдэхийн хаанчлал гэж ихээхэн нажидтай хаанчлал байдаг. Тэр тусмаа монголчууд биднийг ухаарч ойлгоогүй хорвоогийн харанхуй хаанчлал буюу үл мэдэх учир шалтгааны колончлол даан чиг өршөөлгүй харгис хатуу захирч байна. ”Тэр цаг” гэж 1990 оны өмнөх үеийг, "энэ цаг” гэж түүнээс хойшхи он жилийг хэлж байна. Тэр цаг гэж онцолсон тэдгээр он жилүүдэд яавч устгаж чадмааргүй хүчирхэг төр засгийг байгуулж, яавч эвдэж дийлмээргүй төгс төгөлдөр хууль хяналтыг төлөвшүүлж, яавч идэж бармааргүй эдийн болон эрдэм оюуны баялаг бүтээсэн байгаа юм. Түүний тулд хийж хэрэгжүүлсэн зарим өөрчлөлтийг тойм төдий нэрлэхэд л тэр түүхэн амжилт ялалтын дүр зураг тод томруун харагдах учиртай. Тухайлбал, үндэсний тусгаар тогтнолын хувьсгал, хаант засаг, хамжлагат ёсыг халж бүгд найрамдах засаглал тогтоосон хувьсгал, бичиг соё лынхувьсгал, боловсрол шинжлэх ухааны хувьсгал, эрүүл мэндийн хувьсгал, урлаг уран сайхны хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал, газар тариалангийн хувьсгал, шуудан харилцаа, ачаа тээврийн хувьсгал, хэвлэл мэдээллийн хувьсгал гэх арван том хувьсгал хийжээ. Эдгээрийн үр дүнд феодализмаас социализмд шилжсэн нийгмийн байгууламжийн их ялалт, Монгол Улс НҮБ-д элссэн энхтайванч гадаад бодлогын ялалт, Халхын гол, дэлхийн II дайнд ялсан их ялалт гэсэн гурван их ялалт байгуулсан. Арван хувьсгал, гурван их ялалт. Үүнийг л халуун сэтгэлтэн бол баярлах, харь элэгтэн бол атаархан эргэлзэх их хэрэг гэж үздэг байгаа юм.