“Аллагад” зориулсан төсөв
Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх автозам дагуу 2017 оны есдүгээр сард 4-6 метр өндөр нарс мод 145 ширхгийг суулгасан хэмээн "Хот, нийтийн аж ахуйн онцлох 225 ажил” тайланд дурджээ. Чухам тэр үед ойгоос "ирсэн” залуу нарс моддоос амьд байгаль ханхалж байсан юм. Гол иш нь эгц, шулуун, титмийн хэлбэр зөв, өвчин, хортонд идэгдээгүй, холтос болон үзүүрийн нахиа нь гэмтээгүй, өсөлт нь жигд гээд хүнээр зүйрлэвэл эрүүл чийрэг идэр насны залуус.
Гэхдээ тэдний амь ойн хөрснөөс салах тэр мөчид хэдийн тасарсан. Энгийнээр тайлбарлавал, дөрвөн метр ургасан модны үндэс эх биеэсээ бараг хоёр дахин урт байдаг гээд бод доо. Уулнаас ухаж авчрахдаа шилмүүст модны үндэсний системийг бүгдийг нь тасалчихдаг болохоор үхэхээс аргагүй.
Тэгвэл яагаад хурдан хатаж шарлахгүй, үхэхгүй байна вэ гэж үү. Биедээ байгаа шим тэжээлээ дуустал хэсэгтээ амь зогооно, хөөрхий тэд. Цаашлаад гурван тулгуур таяг нь багахан салхинд булгаран унахаас сэргийлнэ. Дуслын системээр гүйх амь тариа бага ч гэсэн шим өгч, аажмаар хатаж үхэх хугацааг нь сунгаж буй хэрэг. Хэдий зүс алдан гундсан ч шөнөжин асдаг ногоон гэрэл түмний нүдийг хуурахад онцгой нөлөө үзүүлчихнэ.
2019 оны дөрөвдүгээр сар. Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам дагуу тарьсан 143 нарс амьдрах чадваргүй болжээ
Цэцэрлэгжүүлэлтийн компанийн ажилтнууд уулнаас авчирсан моддоо арчилж буйтай хаа сайгүй таардаг үе эхэлжээ. Урт хайч, татуурга, олс гэх мэтээр "зэвсэглэсэн” хүмүүс моддын шарлаж хатсан мөчрийг нэгбүрчлэн тайрч, ачиж аваад хөдөлнө. Амьд гэх өнгө үлдээгүй шарласан шилмүүстэй заримыг нь тусгайлан тэмдэглэнэ. Тусгай тэмдэглэгээнд орсон нарс тун удахгүй оршуулганд бүрмөсөн ачигдана гэсэн үг. Гэхдээ энэ үйл явц түмний нүдний өмнө огт хийгдэхгүй. Үүр шөнийн заагаар булгалж аваад, оронд нь дахин нэг золиос суулгана.
Яг энэ ажил Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам дагуу өнгөрсөн жилээс эхлэн өрнөж буй. Мэргэжлийн хүний дүгнэснээр, тэнд тарьсан 140 гаруй нарс бүгд үхжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zaluu.mn
Сэтгэгдэл байхгүй байна.