Б.Ганхуяг: Цогтцэцийг 100 мянган хүн амтай суурьшлын бүс болгоно
Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр (2019.04.29) 2019 оны I улирлын үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээлэл тайлангаа танилцууллаа. Тэрээр мэдээллийнхээ эхэнд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаан маргааш болохыг дуулгалаа. Хуралдаанаар 2018 оны ажлын үр дүн, цаашид гаргах шийдвэрийн талаар хэлэлцэх юм байна.
Эрдэнэс Тавантолгой ХК 2018 онд 11 сая тонн нүүрс олборлож, 11.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 478.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Ингэснээр Монгол Улсын ДНБ болон төсвийн 6 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК дангаараа бүрдүүлснийг мэдээллийн үеэр онцоллоо.
Харин 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 4.2 сая тонн нүүрс олборлож, 2.4 сая тонн нүүрс экспортолж, 741 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт 193.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Ингэснээр ТУЗ-ийн баталсан төлөвлөгөөг нэгдүгээр улиралд 21-25 хувиар давуулан биелүүлжээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэрэгжүүлэх ТОМ төслүүд:
-Уурхайн олборлолтыг бүрэн хүчин чадалд нь хүргэнэ. Одоо жилд 15 сая нүүрс олборлож буй бөгөөд цаашид 35 сая тонн болгож, ТЭЗҮ-гийн бүрэн хүчин чадалд нь хүргэнэ.
-30 сая тонн нүүрсийг баяжуулан экспортолно.
-Одоогоор 30 сая тонн нүүрсийг Гашуунсухайтын авто замаар тээвэрлэж байна. Үүнийг 60 сая тонн болгон нэмэгдүүлнэ. Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги мандалын төмөр замд хөрөнгө оруулалт хийснээр 60 сая тонн нүүрсийг тээвэрлэх хүчин чадалтай болно.
-Хими-технологийн үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулна.
-Оюутолгой компанитай хамтран цахилгаан станц байгуулна.
Эдгээр таван ТОМ төсөл хэрэгжсэнээр:
- Борлуулалтын орлого 2.1 тэрбум ам.долларт хүрнэ.
- Компанийн цэвэр ашиг 950 сая ам.долларт хүрнэ.
- Татвар хураамжаар улсад 564 сая ам.доллар төвлөрүүлнэ.
- Ногдол ашигт 800 сая ам.доллар зарцуулна.
- 2000-3000 ажлын байр бий болж, бизнесүүд хөгжинө.
- Ажилчид болон туслан гүйцэтгэгчид амьдрах 5000-10 000 хүн амтай хот байгуулах ажил эхэлнэ.
- Хүн амын суурьшил дагасан хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжинө.
1983-1985 оны хугацаанд ОХУ-ын институтээс Таван толгойн бүлэг ордыг, бассеныг хөгжүүлэх ТЭЗҮ-г боловсруулахдаа 50 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс буюу хот байгуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байжээ. Үүнийг дагаад хүнд, хөнгөн үйлдвэрүүд, бусад бизнес хөгжих боломжтойгоор хийсэн байдаг юм байна. Харин одоо шинэчилсэн ТЭЗҮ-д 100 мянган хүн амтай суурьшлын бүс болгохоор ажиллаж байгаа гэлээ.
Цогтцэций сум одоогоор 21 мянган хүн амтай байна. Тэгэхээр дээрх бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зөвхөн ажилчдын тоо нь 15-21 мянга болж байгаа тул 50 мянгаас өсгөх ёстой гэсэн шаардлага бий болжээ. Ийм учраас дор хаяж 100 мянган хүн амтай суурьшлын бүс байх ёстой гэж үзжээ. Үүнийг суурин суурьшлын хөгжлийн бүс гэж тодорхойлж байгаа юм байна.
Дашрамд тодотгоход, томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхтэй холбоотойгоор 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.