Гамшгийн сургалтанд төсвийн мөнгөөр хамрагдсан Өмнөговь аймгийн удирдлагууд гамшгаас иргэдээ хамгаалж чадсангүй
Монгол Улсын нийт нутгийг хамарсан шороон болон цасан шуурга говийн аймгуудад тун халтай болж өнгөрлөө. Тэр тусмаа Өмнөговь аймгийн хэмжээнд хоёр өдөр дараалан шороон шуурга шуурч, улмаар ихээхэн хэмжээний цас орсноос үргэлжлүүлэн хүчтэй цасан шуурга шуурсан юм. Энэхүү байгалийн аймшигт үзэгдлийн улмаас тус аймгийн баруун бүсийн суманд 55 настай малчин эмэгтэй, Цогтцэций суманд гэр бүлийн 2 малчин, нэг эмэгтэй гээд нийтдээ дөрвөн хүн нэн харамсалтайгаар осгож нас баржээ. Өмнөговь аймгийн Онцгой байдлын албанд 70 гаруй дуудлага ирж төөрч алга болсон, малтайгаа уруудсан, машинтай хүмүүс цасанд суусан гэх мэт гамшгийн бүхий л дуудлаганд онцгой байдлын алба хаагчид төдийгүй эгэл жирийн иргэд, аж ахуй нэгжүүд эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээсэн байна. Хамгийн харамсалтай нь Цогтцэций суманд гурван хүн алтан амиа алдаж, байгалийн гамшигт нэрвэгдэж байхад тус сумын онцгой комиссын дарга, Засаг дарга О.Бадарч Улаанбаатар хотод оюутан залуусын спортын тэмцээний нээлт нээсэн шигээ явсан нь тус суманд онцгой комисс шуурхай ажиллаагүй гол шалтгаан болжээ. Уг нь тухайн үед орон нутагтаа ажил үүргээ гүйцэтгэж байсан бол тэрээр тушаал гаргаад, машин техникүүдийг дор нь гаргаад эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулсан бол ийм аймшигт эрсдэл үзэхгүй байх байсан хэмээн талийгаачдын ар гэрийнхэн тун гомдолтой байна. Өмнөговь аймгийн хувьд уул уурхайг түшиглэн хөгжиж буй болохоор гамшгийн үед ашиглах техник хэрэгсэл, мөн онцгой байдлын бие бүрэлдэхүүний хувьд хангалттай нөөцтэй аж. Мөн энэ үеэр хамгийн хариуцлагатай ажиллах ёстой, онцгой байдлын албанд чиг үүрэг өгөх эрх мэдэлтэй Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар, түүний орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Баярсайхан нар бүгдээрээ Улаанбаатар хотод зугаалж явсан нь нутгийн ард иргэдийнхээ жигшил зэвүүцлийг хүргээд байна. Нутгийн иргэдээ хүнд үед нь орхин хувийн жаргал хөөж, аймаг орон нутагтаа тогтдоггүй эдгээр нөхөд бүгд аймаг орон нутгийнхаа төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр Америкийн нэгдсэн улсад саяхан гамшгийн сургалтанд сар гаруй суралцаж ирсэн билээ. Хариуцлагагүй, наад захын ухамсаргүй ийм нөхөд аймаг орон нутаг удирдсан нэр зүүж, хувийн эрх ашиг, биеийн жаргал хөөж яваа нь болзошгүй гамшиг ослын үед ард иргэд алтан сайхан амь насаа харамсалтайгаар алдах шалтгаан болсонд дургүйцсэн Өмнөговийн ард иргэд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар болон Цогтцэций сумын Засаг дарга, тус сумын Онцгой комиссын дарга О.Бадарч нарт хариуцлага тооцож, албан тушаалаасаа огцрохыг шаардахаар нэгдэж эхэлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.