Азербайжан “Boeing 737 MAX-8” загварын нисэх онгоц худалдан авах гэрээгээ цуцалжээ
Азербайжан улс Америкийн "Boeing” корпорацтай хоёр жилийн өмнө байгуулсан "Boeing 737 MAX-8" загварын найман нисэх онгоц худалдан авах гэрээгээ цуцалсан тухай "Azerbaijan Airlines” хаалттай хувьцаат компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.
"Boeing 737 MAX-8 загварын нисэх онгоцны аюулгүй байдалтай холбоотой тодорхой шалтгаанаар уг загварын онгоцуудыг худалдан авахаас бид албан ёсоор татгалзсан. Энэ тухайгаа "Boeing” корпорацад мэдэгдсэн” гэж хэвлэлийн албаны дарга Паша Кесаманский мэдээлсэн байна.
Азарбайжаны агаарын тээврийн "Silk Way Airlines” компани "Boeing-737 MAX" загварын зорчигч тээврийн арван нисэх онгоц худалдан авах гэрээг 2017 оны дөрөвдүгээр сард "Boeing" компанитай байгуулжээ. Гэрээний нийт өртөг 1 тэрбум орчим ам.доллар болсон байна. Нисэх онгоцуудыг 2020 онд багтаан Азербайжанд хүргэх ёстой байжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 9-нд Индонезод болон энэ оны гуравдугаар сарын 10-нд Этиоп улсад "Boeing 737 MAX-8" загварын нисэх онгоцууд ижил төстэй шалтгаанаар осолдсон билээ. Ослын дараа ОХУ, АНУ болон Европын Холбооны улсууд аюулгүй байдлыг хангах үүднээс ийм загварын нисэх онгоцуудыг нислэгт ашиглахыг түр зогсоосон юм.
Сэтгэгдэл байхгүй байна.