ГҮТГҮҮЛСЭН ГЭХ KFC ШҮҮХЭД ЯЛАГДЖЭЭ
Энэ оны гуравдугаар сард иргэн Ууганбаяр хүүтэйгээ түргэн хоолны сүлжээ КFC-ээр үйлчлүүлж хоолны хордлого авч, эмнэлэгт хэвтсэн талаар өөрийнхөө цахим хуудсанд сэрэмжлүүлэг мэдээ бичиж нийтэлсэн байдаг.
Энэ мэдээллийн дагуу С1 телевизийн сэтгүүлч эх сурвалжуудаас тодруулан мэдээлэл бэлтгэн гаргасан байна.
Харин КFC сүлжээ хоолны газар цагдаагийн байгууллагад хандаж, өргөдлийн дагуу С1 телевиз, иргэн Ууганбаяр нар бусдыг гүтгэсэн хэмээн Зөрчлийн хуулийн 6.21-д зааснаар зөрчлийн хэрэг үүсгэсэн байдаг. Хэргийг шалгаж байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагч С1 телевизийг 20 сая төгрөгөөр, анх мэдээлэл бичсэн иргэнийг 2 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан байгаа юм.
Тэгвэл дээрх иргэд зөрчлийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд хандсан байгаа юм. Харин өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал нь болжээ.
Шүүхээс С1 телевиз болон иргэн Ууганбаяр нар КFC сүлжээ хоолны газрыг гүтгээгүй нь тогтоогдож, зөрчлийн хуулиар оноосон 20 сая төгрөгийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгожээ. Ийнхүү нэр төрд халдсан гэх KFC сүлжээ хоолны газар буюу "Таван богд фүүдс” компани шүүхэд ялагджээ.
О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл байхгүй байна.